Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албаныхан өчигдөр Дэлхийн Банкны Боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведраг хүлээн авч уулзжээ.
Ноён Ж.Саведра цар тахлын хорио хязгаарлалтын үеэр Монгол улс боловсролын салбартаа тусгайлан стратеги хэрэгжүүлж, хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор амжилттай хангаж чадсан нь олон улсад сайн жишиг болсныг онцлов. Мөн цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн сэргэлтийн чухал цаг үед Дэлхийн Банкны зүгээс Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд таатай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш нарыг чадавхжуулах, хүний нөөцийг бэхжүүлэх болон боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгснийг онцлоод, цаашид боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх санаачилгуудыг дэмжихээ илэрхийлсэн юм.
Мөн Улсын Их Хурал боловсролын салбарт хууль эрхзүйн цогц шинэчлэл хийх зорилгоор, өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд оролцогч талуудаар хэлэлцүүлж боловсруулсан салбарын багц хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болсон талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, эрүүл систем бий болгох, багшийн хөгжлийг дэмжсэн, гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем нэвтрүүлэх зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгууд туссан болохыг онцолсон юм.
Ноён Ж.Саведра хууль эрхзүйн орчинд хийж буй шинэчлэл салбарын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтойг дурдаад технологийн хэрэглээ, дижитал шилжилт зэрэг нь боловсролын салбарт ихээхэн өөрчлөлт авчирч буй талаар санал солилцов.
Эх сурвалж: БШУЯ