ХААН Банк нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)”-ийн хүрээнд эмэгтэй удирдлагатай бичил болон ЖДБ-үүд, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 20 сая ам.долларын 3 жилийн хугацаатай зээлийн гэрээг амжилттай байгууллаа. Энэхүү хөтөлбөрт зөвхөн урт хугацааны санхүүжилтээс гадна эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдыг чадавхжуулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий бизнесийн зөвлөх үйлчилгээ болон эрсдэл хуваалцах хөтөлбөр зэрэг нэмэлт үйлчилгээнүүд багтсанаараа онцлог юм. ХААН Банк өнгөрсөн оны 10-р сард мөн тус банктай нийт 10 сая ам.долларын дүн бүхий эмэгтэйчүүдийг дэмжих санхүүжилтийн гэрээ байгуулж, эх үүсвэрээ амжилттай зарцуулж байна. Энэ удаагийн нэмэлт санхүүжилт нь эмэгтэй удирдлагатай бичил болон ЖДБ-ийн зээлийн багцыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох юм.
ХААН Банк энэхүү шинэ эх үүсвэрийн 5 сая хүртэлх ам.долларыг тусгайлан бизнестээ дижитал шинэчлэл хийж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүжилт олгоход зарцуулах бөгөөд ингэснээр тухайн бизнесийг шинэ зах зээлд нэвтрэхэд туслах, бизнесийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Санхүүжилтийн шаардлага хангасан дижитал шинэчлэлтийн төсөл хөтөлбөрүүд нь ЕСБХБ-ны боломжит дижитал технологийн жагсаалтад багтсан байх эсвэл хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй зөвлөхүүд шаардлага хангасан эсэхийг баталгаажуулсан байх нөхцөлтэй юм. Харилцагчид төслөө амжилттай хэрэгжүүлээд нийтдээ 30,000 ам.доллар хүртэлх үнийн дүн бүхий буцаан олголтын урамшуулал авах боломжтойг дуулгахад таатай байна.
"Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хүрээнд татан төвлөрүүлсэн анхны санхүүжилтийн маань зарцуулалт өндөр байсан тул ийнхүү бид ЕСБХБ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, шинээр урт хугацаат эх үүсвэрийг татан төвлөрүүлж байна. Эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдаа үргэлжлүүлэн дэмжиж, тэдний бизнесийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой болж байгаадаа бид туйлын баяртай байна. Энэхүү санхүүжилтийн хувьд дижитал шинэчлэлтийн хэсэг нь Монгол Улсын бичил болон ЖДБ-үүдийн цахим шилжилтэд хувь нэмэр оруулах онцгой ач холбогдолтой шинэлэг санаачилга гэж харж байна" хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа сэтгэгдлээ хуваалцлаа.
ХААН Банк нь эмэгтэй харилцагч нартаа зориулан хүүгийн болон барьцаа хөрөнгийн уян хатан нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө, хөрөнгийн оруулалтын зээлүүд болон зөвлөх үйлчилгээ, сургалтын боломжуудыг багтаасан өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.
ХААН Банкны тухай
ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 547 салбар, нэгж болон цахим сувгуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын 82 хувьд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Улс орны эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Бизнес дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Бид мөн тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны тухай
ЕСБХБ нь 1991 онд үүсэн байгуулагдсан олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон 71 улсад үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь нийгэм болон байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх зорилгынхоо хүрээнд өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдгөө гурван тивийн 6,400 гаруй төсөл хөтөлбөрт нийт 170 тэрбум евро зориулаад байна. Харин Монгол Улсад 2 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгож, 122 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд чухал нөлөө, дэмжлэг үзүүлсэн байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк