Цахим орчинд хуурамч хаяг ашиглан “Жолооны эрх сэргээнэ, үнэмлэх шууд гаргаж өгнө, ангилал ахиулна” гэх зэргээр гишүүд ихтэй томоохон зарын группуудэд зар байршуулан бусдыг залилж, иргэдэд хохирол учруулж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гэж залилан мэхэлж 62.4 сая төгрөгний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогджээ. Мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зар мэдээллийг цахим орчинд нийтэлж 12 иргэнийг залилан мэхэлсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.