УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журамд УИХ төслийг хэлэлцээд тухайн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй саналаар тогтвол УИХ тогтоол гаргана гэж заасан. Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зүгээр л хаалгаа хааж байгаад шийдчихдэггүй. Ард нийтийн санал асуулгаар асуух ёстой гэж журамлаж заасан байна. Би өнөөдөр гишүүдийн тоог 152 эсвэл 126 болгох тухай ярих гээгүй байна.
Монголын ард түмнээс үүнийг асуугаач. Бид хаалгаа хааж байгаад сандал ширээгээ нэмэх тухай ярьж болохгүй. 2019 оны ҮХНӨ-д УИХ-аар ард иргэдээс саналаар асуух уу, танхимаар шийдэх үү гэдгийг хэлэлцэж байсан юм билээ. Тиймээс өөрчлөлт оруулах шийдвэр гаргах эрхийг ард түмэнд өгөөч хэмээн та нараас гуймаар байна. Би итгэл үнэмшлээрээ хэлж байна. Шударга ёсонд тулгуурлаагүй, улстөрчид ард иргэдтэй зөвшилцөлгүй хоорондоо зөвшилцөн шийдвэр гаргаж байгаа бол фашизм юм" " гэлээ.