Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал дүгнэлтээ танилцууллаа.
Тэрээр “Уул уурхайн хараат эдийн засагтай манай улсад бодит эрсдэлүүд байсаар байна. Эрх баригчдын шийдвэр сонгуулийн оноо авахад чиглэж байна. Чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг сонгуулийн жилийн өмнө тавьдаг ч бидэнд бодит эрсдэлийг авчирсан. Ирээдүйн өв сан өнөөдөр төсвийн алдагдлыг нөхөгч болж хувирсан байна. Сүүлийн тавхан жилийн дотор улсын гадаад өрийн хэмжээ 6 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 33,3 тэрбумд хүрээд байна. Монгол улсын гадаад өр олон улсын зохистой хэмжээнээс 5 дахин их байгааг анхааруулж, Монгол улс ирээдүйдээ өр өвлүүлж байна гэж ОУВС дүгнэсэн. Өрийн хавхнаас мултрах чухал цаг ирээд байна.
Улс орноо бодож, холыг харж ирэх жилийн төсвийг төлөвлөх хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд татварын орлого огцом өсч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2024 онд 21.1 их наяд төгрөг болж, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна. Ийм үед хуримтлал хийхийг эрмэлзэх, холбогдох хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ирэх оны төсөв 22,9 их наяд төгрөгт хүрэх ч 2 их наяд төгрөгөөр тоологдох алдагдалтай, ДНБ-ий 35 хувьд хүрсэн хэмжээтэй байх төлөвтэй байна. Иймд төсвийн зарлагын дээд хэмжээ, зарлагын өсөлт, хөрөнгийн зардлын хэмжээг бодитойгоор тооцож, холбогдох өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй. Мөн Төслийн хэлэлцүүлгийн явцад төсвийг алдагдалгүй төлөвлөж, гадаадын зээл тусламжийг зөв зүйтэй төсөлд зориулах, хөрөнгийн зардлыг бууруулах, бүх шатны төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх замаар төсөвт ирэх ачааллыг богино, дунд хугацаанд бууруулахад анхаарах шаардлага байна. Үүнээс гадна, төр, төсвийн эдийн засагт оролцох оролцоог үлэмж бууруулж, нийгмийн салбарын хувьчлалыг эхлүүлэн улсын үйлдвэрийн газар, компаниудын үр ашгийг дээшлүүлэх зөв менежмент нэвтрүүлэх, хяналтыг сайжруулах, хувьчлах асуудлыг анхаарч, тусгах нь зүйтэй” гэсэн юм.