Олимп, дэлхийн аваргад амжилт гаргасан Энэтхэгийн шилдэг бөхчүүд Энэтхэгийн Бөхийн Холбооны ерөнхийлөгч Бриж Бхушан Шаран Сингхийг огцруулж, баривчлахыг шаардан Шинэ Дели хотын төвд явган хүний зам дээр сууж, тэмцэж эхэлснээс хойш гурван долоо хоног болж байна.
Сингх нь арав гаруй жилийн турш эмэгтэй тамирчдад бэлгийн дарамт учруулсан гэж тэд хэлж байгаа юм. Тодруулбал, түүний эсрэг долоон эмэгтэй бөх, түүний дотор насанд хүрээгүй тамирчин цагдаад гомдол гаргасан байна. Эдгээр гомдолд Сингх нь эмэгтэй тамирчдаа дагаж мөшгин, бэлгийн дарамт үзүүлж, даруу байдлыг нь ашиглан ёс бус үйлдэл хийсэн гэж дурджээ.
Сингх нь 2012 оноос хойш тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ба дээрх бүх хэргийг няцааж байгаа юм. Угтаа энэ тэмцэл энэ оны нэгдүгээр сард эхэлсэн ч Энэтхэгийн спортын яамны оролцож, асуудал сунжирч явсаар ийн дахин эхэлжээ.
2022 оны хамтын нөхөрлөлийн орнуудын их наадмын алтан медальт Сангита Фогат, Токиогийн олимпын хүрэл медальт Бажранг Пуниа нар энэ тэмцлийг зохион байгуулж байгаа ба өөрсдийн карьерыг золиосолж, 20-25 хүний хамт тэмцэл өрнүүлж буйг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Энэ эсэргүүцэлд оролцож буй бөхчүүд цаашид олон улсын хэмжээний тэмцээнд оролцохгүй, медалиа буцаана гэж сүрдүүлж байгаа юм. Гэсэн хэдий ч Сингх нь эрх баригч намтай ойр дотно тул энэ тэмцэл цааш улам сунжирч магадгүй байгаа аж. Олон улсын судалгааны байгууллагуудын хэлж буйгаар Энэтхэг эмэгтэйчүүдийн 8.5 хувь нь бэлгийн дарамтад өртсөн байдаг байна.
SOURCE: AL JAZEERA