Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын гишүүд болон УИХ-ын хүний эрхийн дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзсан. Энэ уулзалтын үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр “Бид Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай 23 дугаар илтгэлд өргөн хүрээтэй асуудлуудыг тусгасан. Тухайлбал, 2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Үүнээс 1079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр сулласан байдаг. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэлүүдийг тодорхой хязгаарлалтгүйгээр, хэт өргөн хүрээтэй хуульчилсан байдал харагдаж байна.
Гэхдээ энд бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Зөвшөөрөлгүй баривчилгаа гэдэг хууль бус зүйл биш. Хуульд байдаг зохицуулалт байхгүй юу. Яах аргагүй газар дээр нь тэр хүнийг баривчлаад саатуулах шаардлага байдаг. Газар дээр нь гэмт хэрэгтнийг илрүүлээд саатуулах шаардлага бий. Тэгэхээр энэ бол хууль ёсны ажиллагаа. Гэхдээ энэ нь шүүхийн хяналтад байх ёстой гэсэн байр суурийг ХЭҮК илэрхийлж байгаа. Хоёр төрлийн баривчилгаа бий. Нэг нь шүүхийн зөвшөөрөлтэй, нөгөө нь шүүхийн зөвшөөрөлгүй. Бидний хийсэн судалгаагаар, 98 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа байна. Энэ нь хуулийн дагуу хийгдэж байгаа. Гагцхүү түүнийг шүүхэд мэдүүлээгүй, шүүхийн хяналтад оруулаагүй тохиолдол нь 102 байна гэдгийг хэлж байгаа юм. Энэ 102 тохиолдол дотор дур зоргын асуудал байж болзошгүй байна. Тиймээс шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан бол түүнийгээ шүүхдээ танилцуулаад хянуулдаг байх ёстой гэсэн асуудал байгаа юм. Шүүхийн хяналтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг асуудал байж болохгүй гэдэг байр суурийг бид илэрхийлж байгаа.
Манай улсад 2020-2023 онд 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт болсон. 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн зарим ойлголт, зохицуулалт хэт ерөнхий байгаагаас иргэд, төрийн албан хаагчид хооронд үл ойлголцол үүсэж байна. Зохион байгуулалтгүй, аяндаа үүссэн цуглааныг эсэргүүцэн тараах явдал их байна. Иймээс иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаж цуглах эрхийг хангасан хууль эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуульд тусгах шаардлагатай байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.