“Би эх орондоо үнэ цэнтэй үйлдвэрлэгч байх болно. Магадгүй олон залуусын мөрөөдлийг бодит болгож, тэдэнд итгэл найдвар төрүүлэх “Шарк” болохыг ч үгүйсгэхгүй” хэмээн ярих залууг Б.Батзориг гэдэг. 15 наснаасаа мужаан мэргэжил эзэмшин, томчуултай мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөн тэр өдгөө 12 хүнийг ажлын байраар хангасан жижиг дунд үйлдвэрлэгч болжээ. Тулах багана болсон ханиа алдаж, асгартал уйлмаар, шантарч буцмаар хүнд үе түүнд таарсан ч тэр зорилго, мөрөөдлөөсөө завсарлага аваагүй. Өчигдөр ч, өнөөдөр ч зүтгэсээр л байна. “Өрөг”.мн сайт “Монголдоо үлдэнэ” цувралын энэ удаагийн дугаарт үйлдвэрлэгч Б.Батзоригийг урилаа.
“АМЖИЛТ БОЛ ӨНӨӨДРИЙН ЖИЖИГ ҮЙЛДЛҮҮДИЙН НИЙЛБЭР ЮМ”
Б.Батзоригийн үйлдвэрлэдэг гар утасны тавиур дээр бусдад урам зориг өгөх үгс бий. Үүнээс тэр “Амжилт бол өнөөдөр хийж буй жижиг үйлдлүүдийн нийлбэр” юм гэж хэлэх дуртай. Энэ үгийг санаж, нэг ч өдөр зүгээр сууж болохгүй гэдгээ ухамсарладаг хэмээн ярьсан юм. Тэрээр “Би олон жил дуудлагаар мужааны ажил хийсэн. Үүний дараа хувиараа бизнесээ эхэлсэн. Аажим аажим урагшилсаар өнөөдөр 12 хүнийг ажлын байраар хангаж, жижиг дунд бизнес эрхлэгчийн эгнээнд нэгдээд явж байна. Амьдралд минь хатуу хөтүү олон зүйл тохиолдсон ч би шантарч бууж өгөөгүй" гэлээ. Өдгөө эднийх Хайлаастад үйлдвэрээ ажиллуулж, хэрэглэгчдийн захиалгаар тасрахгүй байна. Хөнгөлөлттэй зээл тусламж, инновацын бүтээгдэхүүний хөтөлбөрт ч хамрагдаж, үйл ажиллагаагаа тэлэх боломжоо нээж авчээ. Эгнүүлэн өрсөн таваг, гар утасны тавиурууд эднийх хэр амжилттай явааг илтгэнэ. "Манайх бүтээгдэхүүнийхээ ар дээр утасны дугаараа биччихдэг юм. Хүмүүс залгаад "Баяр хүргэе, ийм гоё бүтээгдэхүүнийг бэлэг болгон авлаа" гэж хэлэх хамгийн гоё байдаг хэмээн Б.Батзориг инээмсэглэв.
"ТАТВАРЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛБЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЭХ ОРОНДОО ҮЛДЭНЭ"
Монгол улс импортын орон биш, өөрсдөө үйлдвэрлэгч болохын тулд бизнесийн таатай орчин зайлшгүй шаардлагатай гэдгийг үйлдвэрлэгч Б.Батзориг ярилаа. "Бид импортын бараатай шууд өрсөлдөх нь өрөөсгөл. Гаднаас хямд үнэтэй зүйлсийг их хэмжээгээр оруулж ирээд борлуулчих үед бид хүссэн хүсээгүй л дийлдэнэ шүү дээ. "Та Монголдоо ажлын байр гаргаж, импортын орлох бүтээгдэхүүн хийж байгаа бол татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг чинь ингэж хөнгөлье. Төрөөс тэгж дэмжье" гэдэг л байх чухал. Монгол залууст өөрсдөө хийх боломж нөөц хангалттай бий. Би л гэхэд мужаанаар анх ажиллахдаа захиалгаар тавилга угсрах, байшин барихаас авхуулаад бүгдийг амжуулдаг байлаа. Дараа нь өөрийн бизнесээ эхлэхдээ зөвхөн гар утасны тавиур хийж эхэлсэн. Дараа нь модон таваг хийж эхэлсэн. Цар тахлын үе нэг талаар хүнд сорилт байсан ч бид тэр үеийг боломж болгож хувиргасан. Тэр үеэр л Монголчууд дотоодын үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авч, үндэсний үйлдвэрлэл гэдэг яагаад чухал юм бэ гэдгийг нийтээрээ харж мэдэрлээ шүү дээ. Тэгэхээр төр үндэсний үйлдвэрлэлд зориулсан илүү уян хатан бодлого гаргах хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийг нь бүрдүүлж өгөх чухал. Ингэвэл хэн ч гадагшаа явъя гэж бодохгүй. Монголд зах зээлийн сул орон зай асар их байна шүү дээ" хэмээн бодлоо хуваалцлаа.
"МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНЭЭ ДЭМЖИХ ХЭЧНЭЭН САЙХАН…"
Гаднын улсын иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэгийг бид шагшин магтдаг. Тэгвэл Монголчуудын маань хандлага ч өөрчлөгдөж эхэлжээ. Үндэсний үйлдвэрлэгчид захиалга өгье, дэмжье" гэж хандах нь их болсон байна. Яг одоогоор төгсөгчдийн хонхны баяр болж байгаа тул утасны тавиур дээр ангийнхандаа зориулсан сэтгэлийн үгээ бичүүлж авъя хэмээн олноор хандаж байгаа тухай тэр ярьсан юм. "Хаа холоос хүмүүс ярих юм. Тэр нь л Монголдоо бүтээж байгаа үйлдвэрлэгчдэд том дэмжлэг, хөрөнгө оруулалт шүү дээ. Саяхан л гэхэд Хөвсгөл аймгаас холбогдож захиалга өглөө. Хөвсгөлийнхөн ид шидийн орон
МАГАДГҮЙ БИ "ШАРК" БОЛОХ БАЙХ…
Хүн өөртөө итгэлтэй, гагцхүү түүндээ хүрч чадна гэсэн тэмүүлэлтэй байх ямар чухлыг Б.Батзоригоос харж болно. Тэр ирээдүйд "шарк " болж олон олон Монгол залуусыг мөрөөдлөө биелүүлэх, эх орондоо ихийг бүтээхэд нь гүүр болох чин хүсэлтэй. Хийгээд эхэлсэн хүнд зам нээгддэг гэж боддог тул боломж бүгдийг ашиглах хэрэгтэй гэж хэлсэн юм. Мөн тэр ганц хүн хол явах хэцүүг олж анзаарчээ. "Өнөө цагт нэгнийхээ сул талыг нөхөж, хамтарч, хоршоолж ажиллах их чухал болчхоод байна. Би бүтээгдэхүүнээ хийчхээд заавал өөрөө явж борлуулна" гээд улайраад байх утгагүй хэрэг. Түүний оронд борлуулалтаа нэг хүнд хариуцуулаад явбал хэн хэндээ өгөөжтэй болно. Нэгнийхээ хийж чадахгүй, эсвэл амжихгүй зүйлсийг нөгөө нь нөхөж явах нь бизнесийн хамгийн зөв хувилбар болчхоод байна" гэсэн юм. Ямартай ч тэр "Хүн шат шатаар ахидаг. Амжилт нэг л өдөр бөөнөөрөө унаад ирчихдэггүй" гэдгийг өөрөө харуулж, бусдыг үлгэрлэж, эргэн тойрныхондоо хийж бүтээх сэн гэх хүсэл тэмүүлэл, урам зориг өгч явна. "Эх орондоо ихийг хийе. Эх орондоо эзэн нь болцгооё. Өөрсдөө баялаг бүтээгч байцгаая. Шантралгүй нэгдэж зүтгэе. Бид чадна. Боломж байна" хэмээн Б.Батзориг өөр шигээ олон залууст уриалж байна.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.