Дуучин The Weeknd өөрийн цахим хаягуудынхаа нэрийг өөрчилж, Абел Макконен Тэсфай гэх бүтэн нэрээрээ сольжээ. The Weeknd гэдэг нэр нь түүний уран бүтээлчийн нэр бөгөөд энэ сарын эхээр W Magazine-д өгсөн ярилцлагадаа хөгжмийн ертөнцөөс The Weeknd гэдэг уран бүтээлчийн хувьд холдох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн удаатай.
Тодруулбал Тэрээр “The Weeknd-ийн үеийг төгсгөх цаг ойртож байна. Би Абел гэдэг хүний хувиар эсвэл The Weeknd-ийн хувиар үргэлжлүүлэн уран бүтээлээ хийж магадгүй. Гэхдээ л би The Weeknd-ийг дуусгах цаг нь ирсэн гэж бодож байна. Би шинээр төрж байгаа юм шиг л байна” гэжээ. Түүнчлэн удахгүй гарах шинэ цомог нь The Weeknd гэдэг уран бүтээлчийн сүүлийн цомог байх болно гэсэн байна.
Шүтэн бишрэгчид нь түүнийг кино урлагт хүч сорих сонирхолтой байгаа болов уу гэж таамаглаж байна. Учир нь түүний продюсероор ажилласан “Шүтээн” гэх цуврал ирэх сарын 5-нд HBO-оор цацагдаж эхлэх юм. Энэ цувралд алдарт жүжигчин Жонни Деппийн охин, модель Лили Рөүз Депп болон Blackpink хамтлагийн Женни тэргүүтэй олон уран бүтээлчид оролцож байгаа аж.
Гуравдугаар сард The Weeknd-ийг хамгийн алдартай уран бүтээлч гэж Гиннесээс тодорхойлж байсан. Тэрээр хөгжмийн стриминг үйлчилгээний Spotify дээр хамгийн их сонсогчтойгоос гадна сард 100 сая хүн уран бүтээлийг нь сонссон анхны уран бүтээлч болсон юм.
Эх сурвалж: CNN