Этүгэн их сургууль болон "Лантуун дохио" ТББ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд ашгийн бус "Volunteer hub" кофе шопыг байгуулаад нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэхүү кофе шопын дотоод засал нь маш өвөрмөц дизайнтай. Хана бүрийг нь өөр, өөрөөр тохижуулж залууст хийж бүтээх, нэгдэн нийлэх орчныг бий болгосон байна. Кофе шопт 2000 төгрөг төлөөд хоёр цаг, 4000 төгрөг төлөөд бүтэн өдөр суух боломжтой юм.
Энэ талаар “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр ярихдаа “Ихэвчлэн шэйр оффисууд маш өндөр зардалтай байдаг. Эдгээр нь санхүүгийн боломжид хүрсэн хүмүүст л хүрч байгаа нь анзаарагддаг. Гэтэл яг залуучууд маань өдөрт багахан хэмжээний төлбөр төлөөд, чөлөөт цагаа өнгөрүүлэх, орон зайдаа ажиллах боломж бүрдүүлсэн хэсэг хэрэгтэй гэж үзсэн учраас Этүгэн их сургуультай хамтраад энэ төслийг хэрэгжүүлээд явж байгаа.
Сайн дурын ажлыг бид хийгээд л байдаг. Гэхдээ буцаагаад ямар нэгэн ашиг тус авах ёстой. Үүний нэг нь орчин, нөгөө талаас үйлчилгээ гэж үзэж байгаа. Учир нь хүүхдүүд шинэ санаачилга гаргадаг. Түүнийгээ хэрэгжүүлэх газар хэрэг болдог. Энэ болгоныг Volunteer hub гүйцэтгэдэг байгаасай гээд байгуулсан. Гол нь залууст зориулсан орчин их өөр байх ёстой. Байдаг л, бие биеэсээ хуулбарласан орчин биш илүү өөр орон зай байх ёстой.
Ашгийн бус ийм санаачилгыг Этүгэн, "Лантуун дохио" хамтдаа гаргасан. Энэ бол залууст оруулж байгаа хамгийн зөв хөрөнгө оруулалт байх гэж бодож байна. Хөрөнгө оруулалт гэхээр заавал мөнгө байх албагүй.
Санаачилга нь байвал залуус энд юу ч хийж болно. Алкохол хэрэглэхгүй л бол дуулдаг нь дуулж, бүжиглэх нь бүжиглэж , хөгжих нь хөгжиж, хичээл заах нь зааж, залуучууд энд ямар боломжийг биы болгож, ямар үнэт зүйлийн үр тарьж чадна тэр хэмжээгээрээ цаашид хөгжих боломжтой” гэлээ.
Харин кофе шопоор үйлчлүүлсэн оюутан залуус байр сууриа илэрхийлэхдээ:
- Ер нь бол их гоё л газар байна. Тайван бас чимээгүй. Үнэ төлбөрийн хувьд ч гэсэн их боломжийн санагдаж байна.
- Бусад газруудыг бодвол арай тухтай. Хүн цөөхөн болохоор юм аа хийгээд суухад таатай байна.
- Миний хувьд суудал нь тухтай, ширээ нь яг биеийн өндөрт таарсан болохоор дажгүй санагдаж байна.
- Бид өнөөдөр анх удаа ирж байгаа. Орчин нь их таалагдаж байна. Орчин нь гоё болохоор хүн цаанаасаа нэг их гоё болдог шүү дээ. Энэ л маш гоё байна.