УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу ажлын долоо хоног чуулганыг завсарлуулж, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох захирамж гаргасан.
Үүний дагуу гишүүд орон даяар тойрогтоо ажиллалаа. Хамгийн гол нь бид нийгмийн хүсэл зориг иргэдийн санал бодол дээр тулгуурлан шинжлэх ухааны тооцоо үндэслэлтэй ирээдүйг харсан шийдвэр гаргах ёстой. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох гол санаа нь 76 гишүүн бүх асуудалд оролцоод байдаг бол гишүүдийн тоо олон болсноор мэргэшсэн парламентчид гарах буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, жендерийн асуудал, эдийн засгийн асуудлаар хариуцсан нийгмийн бүлгүүдээ төлөөлөн бага ард түмэн болох ийм давуу талтай гэдгийг эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс 76 гишүүнийг тойргийн зарчмаар үлдсэн 76 гишүүнийг нийгмийн бүлгийг төлөөлөх хувь тэнцүүлэх зарчмаар сонгох саналыг өргөн мэдүүлсэн.
Иргэдийн санал бол гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байгаа ч одоо байгаагаас нэмэх нь зүйтэй гэдгийг дийлэнх нь дэмжиж байна.
Хоёрдугаарт цар тахлаас үүдээд төр болон ард түмний итгэлцэл холдсон байна. Учир нь цар тахлын хязгаарлалтаас шалтгаалаад гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Гишүүдийг тойрогтоо очих үед ард иргэд бухимдлаа илэрхийлж байгаа үзэгдэл ажиглагдаж байна. Өнөөдрийн нийгмийн олон хүчин зүйлсээс шалтгаалан иргэдийн амжиргаа маш их доройтсон байна. Амжиргааны доройтолт болон эдийн засгийн өсөлтийн талаар өнөөдөр бүх гишүүд ярилаа. Өчигдөр байнгын хороогоор төсвийн нэмэгдэл болон 2024 оны жилийн төлөвлөгөөг ярилцсан. Харин пүрэв гарагт чуулганаар төсвийн асуудлыг хэлэлцэхдээ гарц шийдлийн талаар ярилцахаар тохиролцлоо" гэв.