Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Ливан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNIFIL энхийг сахиулах ажиллагааны анхны шанг татаж Цэргийн төв эмнэлгээс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн болон ЗХЖШ-ын удирдлагын төлөөллүүд үүрэг гүйцэтгэх эмч, сувилагч нартаа хүндэтгэл үзүүлжээ.
Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа Т.Энх-Од: “2002 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд давхардсан тоогоор 1000 орчим цэргийн эмч, сувилагч нар даян дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэж Монгол Улс тэр дундаа Зэвсэгт хүчний нэр хүндийг энхийн тавцанд өндөрт өргөж ирсэн”.
Харин үүний дараа Ливан Улсад үүрэг гүйцэтгэх цэргийн эмч, сувилагч нараа төлөөлж Цэргийн төв эмнэлгийн эмч хошууч Б.Болд: "Бид бүхнийг үдэн гаргахаар хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичилцэх хариуцлагатай эрхэм үүргийн эзэн болсондоо баяртай байна. Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг амаргүй хэдий ч манай баг үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна. Манай бүлгийн бүрэлдэхүүнд урьд өмнө нь НҮБ болон ОУ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн туршлагатай алба хаагчид багтсан" хэмээв.