БНХАУ АНУ-ын 78 настай иргэнийг тагнуулын хэргээр буруутгаж, бүх насаар нь хорих ял оноов. Хонг Конгод байнга оршин суудаг Жон Шинг-Ван Леунгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүүн өмнөд хэсгийн Сүжоу хотод байхад нв анх саатуулсан. Тус хотын шүүх албан ёсны сайт дээрээ Леунгд ял оногдуулсан тухай товч мэдэгдэл хийсэн боловч хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ийм мөрдөн байцаалтын ажиллагаа, шүүх хурал хаалттай явагддаг бөгөөд олон нийтэд “бараг” мэдээлэл өгдөггүй билээ. Энэ үйл явдал БНХАУ, АНУ-ын харилцаа худалдаа, технологи, хүний эрхийн зөрчил болон газар нутгийн маргаанаас болж түүхэн доод түвшиндээ хүрсэн үед болж байгааг хэвлэлүүд онцолж байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японы Хирошима хотод зочилж, дараа нь Хятад улсын эдийн засгийн нөлөөллөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй Номхон далайн арлын Папуа Шинэ Гвинейд айлчлах гэж байгаа үеэр тохиолоо. Сүжоугийн шүүх түүний хэрэг БНХАУ, АНУ-ын харилцаатай холбоотой эсэхийг мэдээлээгүй ба нотлох баримтуудыг мөн дэлгээгүй байна. Хятадын авторитар улс төрийн тогтолцоо болон эрх баригч Коммунист нам хууль эрх зүйн асуудал, иргэний нийгэм, мэдээллийн эрх чөлөөнд үнэмлэхүй хяналт тавьдаг нь нэмэлт мэдээлэл авах, шүүхийн давж заалдах хүсэлтийг саатуулдаг нь энэ хэргээр хязгаарлагдахгүй билээ.