Украины ерөнхийлөгч В.Зеленский Германд айлчилж, канцлер Олаф Шольцтой уулзах үеэрээ Украин ОХУ-ын газар нутаг руу халдах төлөвлөгөө байхгүй гэдгээ хэлжээ. Сүүлийн саруудад Украин сөрөг довтолгоо хийх гэж байгаа талаар эх сурвалжууд удаа дараа мэдээлж байсан юм. Харин В.Зеленский энэ мэдээллийн хариуд “Бид хууль бусаар эзлэгдсэгн газар нутгаа чөлөөлөх сөрөг довтолгоонд бэлтгэж байна” гэжээ. Энэ айлчлалын үеэр Олаф Шольц ХБНГУ Украинд шаардлагатай бол туслахад бэлэн гэдгээ илэрхийлж, 2.7 тэрбум еврогийн зэвсэг нийлүүлэхээ амлав.
Үүнд Германы дэвшилтэт "Леопард" танкууд болон агаарын довтолгооноос хамгаалах системүүд багтаж байна. Украины ерөнхийлөгч Германы амласан энэ тусламжийг 2022 оны 2-р сард дайн эхэлснээс хойших хамгийн том тусламжийн багц гэж тодотголоо. Мөн ням гарагийн орой В.Зеленский энэ жил өөрт нь болон Украины ард түмэнд олгосон Агуу Карлын шагналыг авахаар Германы муж Аахен хотод очсон байна. Энэхүү хүндэтгэлийг Европын эв нэгдлийг бэхжүүлэх хүчин чармайлтын төлөө олгодог гэнэ.
Европын холбооны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен шагнал гардуулах ёслолын үеэр "Украин бол Европын үзэл санааны төлөө амьдарч буй хамгийн тод илрэл юм. Тэд бол итгэл үнэмшлийн эр зориг, үнэт зүйл ба эрх чөлөөний төлөөх тэмцэл, энх тайван, эв нэгдлийн төлөөх тууштай байдал" гэж тодорхойлжээ. Өмнө нь энэ шагналыг Уинстон Черчилль, Ромын Пап Франциск, Билл Клинтон нар авч байв.