Элон Маск олон сар маргаантай явсны эцэст өнгөрсөн оны 10-р сард Твиттерийн гүйцэтгэх захирал болсон. Харин энэ албан тушаалд очоод хагас жилийн хугацаа өнгөрч байхад албан тушаалаа өөр хүнд өгөх болсон тухайгаа зарласан юм.
Ийнхүү Твиттерийн шинэ гүйцэтгэх захирал Линда Яккаринотой танилцья. Линда Яккраино нь Итали гаралтай гэр бүлд төрж, өсчээ. Тэрбээр NBCUniversal-д зар сурталчилгаа хариуцсан захирлаар томилогдохоосоо өмнө “Turner Entertainment” медиа компанид 15 жил ажиллаж, 2000 гаруй хүн удирдаж байжээ. Түүний ажил нь томоохон брэндүүдтэй нягт хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ байршуулах боломжийг олж, тэднийг телевизийн нэвтрүүлгүүдийн хажуугаар сурталчлахад чиглэдэг ба энэ ажлаа маш сайн гүйцэтгэсэн гэж салбарынхан нь дүгнэдэг байна.
Линда Яккарино нь 10 хувийг нь л эмэгтэй захирлууд эзэлдэг технологийн шилдэг компанийг ийн удирдахаар болжээ. Элон Маск Твиттерийг хариуцаж авснаас хойш уг платформоос ашиг олоход буюу зар сурталчилгааны компаниудтай хамтрахад асуудалтай байсаар ирсэн. Тиймээс энэ бүхнийг эмх цэгцэнд нь оруулж чадах хүнээр Линда Яккариног сонгосон ба энэ нь ч зөв сонголт гэдгийг хэвлэлийнхэн тодотгож байна. Элон Маскын хувьд компанийн ТУЗ-д байх ба цаашид технологи хөгжүүлэлтийг нь хариуцан ажиллах юм. Шинэ гүйцэтгэх захирал ажилдаа зургаан долоо хоногийн дотор орох төлөвтэй байна.