Дэлхий нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг Биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хэлцлээс хэрэгжилт рүү, Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлцгээе” уриатай зохион байгуулж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэхүү өдрийн угтан 05.16-05.19-ний өдрүүдэд:
“Биологийн олон янз байдал ба Байгалийн ургамал",
“Биологийн олон янз байдал ба Амьтан”,
“Биологийн олон янз байдал ба Генетик нөөц”,
“Биоаюулгүй байдал, Биологийн олон янз байдал ба Уур амьсгалын санхүүжилт” гэсэн дөрвөн цуврал хуралдааныг зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр эхний салбар хуралдаан “Биологийн олон янз байдал ба байгалийн ургамал" сэдвийн хүрээнд БОАЖЯ-ны хурлын танхимд болно.
Салбар хуралдаануудын үеэр Байгалийн ургамлын гербар гэрэл зургийн үзэсгэлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн гэрэл зургийн үзэсгэлэн, Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн гэрэл зургийн үзэсгэлэн, Шавжийн үзэсгэлэн, Хөдөө гаръя аппликэйшн танилцуулга, Байгаль аппликэйшн танилцуулга зэрэг болно.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол орны Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлж улмаар зохистой ашиглах ирээдүйн нөөцийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг эерэг хандлагыг иргэн бүрд хэвшүүлэхэд оршиж байна.