Ажил олгогчид, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа, байгууллагын дотоод журам гарган цалингаас нь суутгах зүйл заалт оруулдаг нь хууль бус үйлдэл болох талаар хуульч, өмгөөлөгч Б.Түвшинтөгс хэллээ.
Тэрбээр, Хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалин хөлснөөс хийх ёстой суутгалын хувьд гэвэл мэдээж НДШ, хувь хүний орлогын албан татварыг суутгана. Ажил олгогч нар өөрсдөө дур мэдэн хөдөлмөрийн гэрээндээ дотоод журам хавсаргаж, цалингаас нь хасах зүйл заалт оруулах нь хууль бус үйлдэл юм. Жишээ нь нэг цаг хоцорсон бол тодорхой хэмжээний төгрөгийг цалингаас суутгана гэдэг нь хууль зөрчиж буй хэрэг гэсэн үг. Манай нийгэмд энэ мэт асуудлууд их байдаг. Төрийн байгууллагууд хүртэл минутаар нь тооцож цалингаас нь суутгаад байгаа харагддаг. Дотоод журам байгуулах гэж байгаа бол ажилтантай зайлшгүй тохиролцсоны үндсэн дээр мөрдөх дүрэм журмаа баталж болно.
Хэрвээ ийм зүйл байх юм бол харьяа дүүргийнхээ хөдөлмөрийн гурван талт зохицуулах хороо гэж байгууллага байдаг. Энэ байгууллагад зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр үндэслэлгүйгээр цалин хөлснөөс нь суутгал авсан бол, үүнийг төлүүлэхээр гомдол гаргаад маргааныг эцэслэн шйидвэрлэх боломжтой.
Мөн хөдөлмөр эрхлэх гэж байгаа залуус ажил олгогч талтайгаа хөдөлмөрийн гэрээг нэн тэргүүн зайлшгүй байгуулах шаардлагатай. Дагалдан болон туршилтаар гурван сараас багагүй хугацаанд ажиллахаар гэрээ байгуулах ёстой байдаг. Өөртэй нь ижил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний 70 хувиас багагүй хувийг тухайн ажилтанд олгох хуулийн зохицуулалт бий. Түүнээс биш таныг дагалдангаар цалингүй ажиллуулна гэдэг хуулийн зохицуулалт байхгүй. Ийм тохиолдол гарвал тухайн байгууллага хууль зөрчиж байна гэсэн үг" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ДЭЭР ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ