Өнөөдрийг хүртэл Нийслэлийг ээлжилж удирдсан 9 хүн гарын үсгээ зурж, хүн амьдрахад хэцүүхэн ийм л Улаанбаатарыг бий болгосон байна.
Засгийн газраас шилэн ажиллагааны хүрээнд Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын газрыг хэрхэн олгосон талаарх мэдээллийг нийтэд өнөөдөр ил болголоо. Хотын дарга асан Миеэгомбын Энхболд хамгийн их буюу ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн газар олгох 7374 захирамжийг гаргаж байжээ. Түүний хувьд, Улаанбаатар хотын газрыг зарж наймаалцсан гэдэг муу нэрийг олон нийтээс авч ирсэн байдаг. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ч "М.Энхболд бол газрын наймаачин" гэж хэлж байсан" удаатай.
Тэгвэл М.Энхболдын араас хэн хэн яаж газар олгосон бэ?
SHILEN.GOV.MN мэдээллийн цахимд санд дэлгэсэн мэдээллээр хотын дарга асан:
- Э.Бат-Үүл – 1888
- Г.Мөнхбаяр – 1679
- Су.Батболд – 1381
- С.Амарсайхан – 811
- Д.Сумъяабазар – 621
- Т.Билэгт – 516
- Ц.Батбаяр – 485
- Ж.Батбаясгалан – 174 захирамж тус тус гаргасан байна. Иргэд нь 0,07 га га газраа ч авч чадахгүй байхад хотын дарга нар мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс зах замбараагүй газар олгож ирснээс авлига цэцэглэж, Улаанбаатар хот хүндээ ээлгүй, цементэн ширэнгэ болчхоод байна. Олон нийт ингэж шүүмжилдэг.
Хотын дарга нар өөртөө, бас өөрийн хамаарал бүхий хүмүүстээ газар өгч ирсэн нь нууц биш. Тухайлбал, хотын дарга С.Амарсайханы хамаарал бүхий Зүүн баян рефайнери компани Туул голын бургасыг их хэмжээгээр хядаж, Туул голын эрэгт том хэмжээний барилга барьсаар лав л гурван жил өнгөрлөө. Уг нь усны тухай хуульд зааснаар Туул голын эргээс 50 метрийн онцгой хамгаалалтын бүсэд барилга барих ёсгүй. Гэвч С.Амарсайхан өөрөө хот удирдаж байхдаа хүртэл Туулын бургасыг хайр найргүй хядаж орхисон. Өнөөдөр ч тэд дайрсаар байна. Энэ мэт олон хууль бус шийдвэрт үе үеийн дарга нар өөрсдөө холбоо сүлбээтэй байдаг учраас Улаанбаатар хот хүнээ мартсан, стандартгүй, хамгийн их төвлөрөлтэй хот болж хувираад байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.