2023 онд нийслэлд хийх дулаан, цахилгаан, цэвэр усны шугамын засвар, шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас мэдээллээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
Улаанбаатар хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их, урсгал засвар, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тохижилт, инженерийн хангамжийн чиглэлээр 24 байгууллага нийт 644 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, дулааны гол шугам сүлжээний засварын 19, цахилгаан хангамжийн шугам, кабель дэд станцуудын засварын 13, шинээр сувагчлал хийх, сувагчлалын хоолойг сэргээн засварлах, худаг суурилуулах 18, хороолол доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн найман ажлыг гүйцэтгэх юм. Мөн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн 13, халаалтын зуухны засварын 108 ажил, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин цахилгаан шат шинэчлэх 21 ажлыг хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн авто зам, гүүрний байгууламжийн 21, инженерийн шугам сүлжээ, дэд төвийн барилга байгууламжийн 32 ажлыг гүйцэтгэхээс гадна дүүрэг бүрд нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт хийнэ. Үүнтэй холбоотойгоор хотын зарим гудамж, талбайд тодорхой өөрчлөлт хийх, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, замын хавтан хуулах шаардлага гарч байна. Нийслэлийн зүгээс иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, өдөр тутмынх нь ажилд аль болох саад болохгүйгээр тохижилт, засвар хийхийг зорино гэсэн юм.
Ногоон байгууламж тайрсан, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн тохиолдлууд гарсан талаарх сэтгүүлчдийн асуултад тэрбээр мөн хариу өглөө.
Шат шатанд зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ногоон байгууламж тайрсан, моддыг олноор нь нүүлгэн шилжүүлсэн асуудал гарч байгаа. Нийслэлийн зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран шаардлага тавиад, зохих арга хэмжээг авна. Үүн дээр хэвлэл, олон нийт, төрийн байгууллага хамтарч ажиллах, хяналт, шаардлага тавих боломжтой гэсэн юм.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:
Хотын хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд дэд бүтцийн дорвитой өргөтгөл, шинэчлэл хийгээгүй. Тухайлбал, 370 км дулааны шугам сүлжээний 90-100 км орчмынх нь насжилт дууссан. Орон сууцны хороолол дундах халаалтын 1223 км шугамын 60 хувийнх нь ашиглалтын хугацаа нь дууссан байна. Тиймээс энэ жилийн хувьд дэд бүтцийн шинэчлэл, засварыг илүү өргөн хүрээнд хийнэ. Өмнө нь шугам сүлжээг хэсэгчлэн сольж, засдаг байсан бол энэ жил гол магистрал шугамуудыг иж бүрнээр нь солино гэсэн юм.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр:
Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк болон нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлууд хийнэ. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татах ажил бий.
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр одоо байгаа ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 7.4 км хос дулааны шугам шинээр татах, 3.4 км хос шугамыг өргөтгөх шинэчлэх ажлыг хийж байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр нийт 750 метр хос дулааны шугамыг хэсэгчлэн солих юм гэлээ.
Энэ хүрээнд дулааны гол шугам сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 19 байршилд шугам сүлжээний засвар шинэчлэл хийнэ. Ингэхдээ 2023 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд зарим байршилд 10-20 хоног, зарим байршилд түүнээс урт хугацаанд орон сууцуудад халуун ус тасарна гэдгийг мэдэгдлээ. Мөн засвар, шинэчлэлийн талаар нийт 748 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлж, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай тусгайлан уулзалт хийж, 9873 өрхөд мэдээлэл өгсөн байна.
Зуны засвар, шинэчлэлийн хүрээнд зөвхөн дулааны шугам биш, цэвэр усны шугам, цахилгааны кабелийг ч иж бүрнээр нь сольж байгаа юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс