Туркийн ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт эхэлсэн. Энэ удаагийн сонгууль одоогийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган болон түүний эсрэг зургаан намын эвслийн тэргүүн Кемал Кылычдароглу нарын хооронд хүчтэй өрнөж буй.
Туркийн сонгуулийн дээд зөвлөлөөс мэдээлснээр Р.Т.Эрдоган нийт саналын 49.49 хувийг авсан бол түүний өрсөлдөгч 44.79 хувийн санад авчээ. Тус зөвлөл “бараг” бүх саналыг тоолж дуусаж байна гэсэн юм. Хэрэв нэр дэвшигчдийн аль алиных нь санал 50 хувьл хүрч чадахгүй бол хоёр долоо хоногийн дараа хоёр дахь санал хураалт эхлэх аж. Р.Т.Эрдоган дэмжигчдэдээ хандан “хэрэв шаардлагатай бол дахин санал хураалт явуулж болно” гэсэн ч эхний шатандаа ялж чадна гэдэгтээ итгэлтэй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Ялалт Р.Т.Эрдоганы талд очвол тэрбээр Турк улсад 20 гаруй жил засагласан засаглалаа үргэлжлүүлэх боломжтой болж байна. Мөн тэрбээр Турк улсад хамгийн урт хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа нэгэн юм. Харин Кемал Кылычдароглу эхний шатны саналын дүнг үгүйсгээгүй ч дараагийн санал асуулгад ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа саяхан тавьсан илтгэлдээ дурджээ. Ингэснээр Туркийн ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж магадгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC