Уг нийтлэл нь редакцын бус материал бөгөөд Өрөг.мн сайтын нийтлэлийн бодлого, байр суурийг илэрхийлэхгүй болно
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах үүрэг хүлээн УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж буй энэ өдөр хоногууд ард иргэдийн үгээ хэлэх боломж хийгээд зарим нэг улстөрчийн далд санаархлаа гүйцэлдүүлэх улс төрийн тоглолтын тайз болон хувирч байна. Иргэд ч аргагүй. Дэлхий нийтийг хамарсан ковид-19-ийн тархалтын улмаас зөвхөн Монгол Улс төдийгүй бусад улс орны иргэдийн ажил, амьдралд хохирол учруулсан нь үнэн. Монгол Улс дан ганцаар дэлхийд оршоогүй юм болохоор тэрхүү хор хохирлыг хохирогч болж, эдийн засгийн хямрал ард иргэдийн амьдралд бодитоор дарамт, уналт ирсэн. Уг уналтаас үүдэлтэй гомдол бухимдал, хүлээлт хүсэлтээ илэрхийлж буй ард олны бухимдлыг буруутгах эс бол шүүх боломжгүй. Учир нь, хоёр том хөрш орны дунд ганцаарчилж хашигдсан манай улсын эдийн засгийн чадавх тэсэж үлдэх ганц сонирхолд тулгуурласнаас ашиг хүртэж, хөгжих зорилт өнгөрсөн гурван жилийн хугацаанд хаалттай хилийн бүсчлэлд дотоодын хашгираан болж тэлэв.Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн иргэдтэй хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон А.Адъяасүрэн гишүүн нарын уулзалтын бичлэгээс бэлээхэн харагдана. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн тухай танилцуулах ёстой уг албан томилолт үндсэн зорилгоос илүүтэй хувь хүн рүү буюу УИХ-ын дарга Г.Занданшатар руу чиглэсэн нь нэг сэдэвт дайралтаар эрчимжсэн нь сэдэв хөндөх үндэс болов.
Уг нь Монгол Улсын одоогийн нөхцөл байдалд буруутан хайх нийтлэг эрэл суралд дээр нэр дурдсан УИХ-ын гишүүд болон нийт 75 гишүүн, төр засаг бүгд л их багагүй үүрэг хүлээх ёстой. Ковид-19-ийн халдвар, түүнийг дагасан эдийн засгийн бодит хохирлыг эс тооцвол тэд Монгол Улсын хөгжүүлэх ч, төр засгийн бодлого шийдвэрийг оновчтой зөв болгоход ч хариуцлага хүлээх үүрэгтэй УИХ-ын гишүүд. Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн уулзалтын бичлэгээс зөвхөн УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан олны бухимдлыг таслан сошиалд тарааж, уг уулзалтад УИХ-ын дарга дан ганцаар оролцож буй мэтээр тайзны суудлын зургийг тасдан хассан байх. Үүгээр ч зогсохгүй тасдаж, түгээсэн бичлэгийг дан ганц суудлаас хийсэн байх нь зорилтот сонирхол, зорилтот бүлэглэлийн эрх ашиг шулуун зураасаар холбогдсон уу гэдэг асуулт тавихад хүргэсэн. Ингэж асуух шалтгаан нь тодруулах нэг субьект нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо ердөө хоёр хүрэхгүй сарын өмнө Өмнөговиос БНХАУ-ын чиглэлд нүүрс тээвэрлэх эрх бүхий С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн үндэсний төвийн албан хаагчдад өөрийн биеэр авлига өгч байгаад баригдсан. Гэсэн ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга нутгийн хуурай дүү, бизнесийн түнш болох А.Адъяасүрэнг хамгаалах зорилгоор УИХ-д гэнэтийн шийдвэрээр нэр дэвшүүлж, өдгөө гуравдахь жилдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хамгаалуулж байна. А.Адъяасүрэн гишүүн ч энэ тухайгаа “Би авлигын хэргээр шалгагдаж байгаа болохоос бус нүүрсний хэргээр шалгуулаагүй. Сэтгүүлчид та нар мэдээллээ нягталж баймаар байна” хэмээн ил тод хэлсэн бичлэг бий. Гэхдээ өөрийнх нь үгүйсгэсэн нүүрсний хэрэгтээ ч шалгуулаагүй хэрэг бас биш л дээ. Таван ч компаниараа дамжуулан нүүрсний тээврийг атгаж, энэхүү асуудлаараа нүүрсний хэрэгт шалгуулж байгаа нь үнэн. Харамсалтай нь, өдгөө УИХ дахь нүүрсний бүлэглэл УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуульчилсан УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулахаар зарласан нүүрсний сонсгол зохион байгуулах хэлэлцүүлгийг хойшлуулж, тогтоон барьчихаад байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хийгээд түүний талын нүүрсний бүлэглэлийнхэн уг нээлттэй сонсголыг явуулах хүсэлгүй байгаа гэсэн үг. Гэтэл энэ удаагийн уулзалтаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн тухай нэг ч сөрөг үг хэлэгдээгүй, яригдаагүй мэт хурлын бичлэгийг тасдаж, нүүрсний хулгайн эсрэг тэмцэхээ зарлаад байгаа УИХ-ын дарга Г.Занданшатарыг бай болгон “онилж” шүүмжлэсэн мэт харуулахыг чухалчилсан. Нүүрсдийн хүч, нүүрсдийн зохион байгуулалт гэж энэ.
Ийн нөхцөл байдал болон сошиалд идэвхтэй түгээсэн эзэн тодорхой, эзэн тодорхой бус нууц хаягийн сүлжээ нь өөрөө Ерөнхийлөгч асан Х.Баттулгын УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхол, мөн нэр дэвшин өрсөлдөх тойргийнх нь усалгаа энэ өдрүүдэд эрчимчиж буйг илэрхийлнэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд удаа дараагийн УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Энэхүү улс төрийн ашиг сонирхолдоо зориулан тэрбээр олон тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтыг ч аймагтаа цогцлоосон. Гэсэн ч хүн амын шилжих хөдөлгөөн, хөгжлийг дэмжих бодит газар зүйн байршил, эдийн засгийн хүчин чадал зэрэг нь “Шинэ сум” төслийн хөрөнгө оруулалтыг нөхөх бүү хэл нэгдэн нийлж, шилжин нүүж, хамтдаа амьдрах бодит нөхцлийг ч хангахгүйд хүрээд байгаа.
Мөн өдгөө 20 орчим хоног үргэлжилж буй 80 гаруй холбогдогчтой Хөгжлийн банкны шүүх хуралд шүүгдэж байгаа нийт хэргийн 10 орчимд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга холбогдогчоор шалгагдаж байгаа. Зөвхөн энэ ч бус Сайншанд аж үйлдвэрийн парк байгуулах нэрээр угаасан санхүүгийн хохирол, цариг зөрүүлж барьсан төмөр замын хэрэг гээд дурдвал Ерөнхийлөгч асан Х.Баттулга өдгөө зүй ёсоор Монгол Улсын хамгийн том сэжигтнээр нэрлэгдэж буй. Гэсэн ч тэрбээр хилийн хоригоо цуглуулах замаар Монгол, Сингапурын хооронд улс төрийн уулзалт хийж, эдийн засгийн тохиролцоогоо өргөжүүлсээр эрх чөлөөтэй нисэж байна. Тэр бүү хэл УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж, ялалт байгуулах замаар хууль, хүчний байгууллагаас өөрийгөө хамгаалах, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын хамгаалалтад орох зорилгоор Баянхонгор аймаг руугаа дахин хүлгийн жолоо залах болж. Үүнийхээ төлөө жирийн иргэдийн бухимдлыг олон нийтэд хандан сошиалд түгээж, УИХ-ын гурван гишүүний уулзалтыг нэг хүний уулзалт мэтээр ойлгуулахыг хүссэн нь өнгөрсөн амралтын өдрүүдэд хэргийг бүтээх эхний тайз нь болов. Товчхондоо, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаархал Баянхонгор аймгийг тоочиглосон улс төр хоёрын цаад учир шалтгаан нь энэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд зорилгодоо хүрэхийн тулд Монголын улс төрийг цус шинжлэх, төрөл тогтоож яллах замаар өөрийн хэргийг бүтээсэн. Олон арван улстөрчийн амьдралыг хар хортой хутгаж, гар үүслийн гэрчилгээ гэгчийг хэвлэлээр олгон байж тайзнаас буулгасан. Иймд энэ удаад анхааруулья. Цус шинжлэл нь явцгүй болсныг ойлгохтой зэрэгцэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинэ санаачилга хэрэгжүүлж эхэлж. Тэр нь, бай олж чичлэх. Тиймээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгад сануулья. Бай тань багадаагүй шүү, Ерөнхийлөгч өө. Үндэсний эв нэгдэл илэрхийлэгчийн хувиар бус бусинуулагчийн хувиар нураасан бүхний тань төлөөсийг тэр иргэд ч төлж буйг мартаж болохгүй гэж. Учир нь, таны гэм бурууг шүүх тэр цаг айсуй. Нийгмийн сэтгэл зүй хуйгаараа Таныг гэдэг тэр үе өнгөрсөнд үлдэж, шүүн чичлэх шинэ цаг айсуй.
Д.Цэнгэл