Украины ерөнхийлөгч Володимир Зеленский пап лам Францисктай уулзахаар Ромд ирлээ. Энэ айлчлалын үеэр тэрбээр мөн Италийн ерөнхий сайд, ерөнхийлөгч нартай уулзжээ. В.Зеленский энэ айлчлалын талаар “Украиныг ялалтад ойртуулах айлчлал” гэж твиттер хуудаснаа онцолсон байна. Түүний Ром дахь айлчлалын үеэр аюулгүй байдлыг нь чухалчилж, 1000 гаруй цагдаа ажиллуулж, Ромд өөр нислэг үйлдээгүй аж.
Итали дахь айлчлал Украинд маш чухал ач холбогдолтойг хэвлэлүүд онцолж байгаа. Учир нь түүхээсээ Итали, ОХУ хоёр сайн харилцаатай байсан. Италийн “Итали урагшаа” консерватив намын тэргүүн Сильво Берлунско ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй эртний найзууд. Тэд хамтдаа аялалд явж, төрсөн өдрийн бэлэг солилцож байсан түүхтэй. Түүнчлэн хэт барууны “Лига” намын Маттео Салвини ОХУ-ыг дэмжсэн өнгө аястай үг хэлж, Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг шүүмжилдэг нэгэн юм. Гэвч В.Зеленский дээрх хоёр улс төрчтэй энэ айлчлалынхаа үеэр уулзахгүй юм байна. Харин пап ламын хувьд Орос, Украины дайнд Ватикан зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгийг хэд хэдэн удаа илэрхийлж байсан билээ.
Энэ сарын эхээр Ватикан уг дайнд төгсгөл авчрах энхийн төлөвлөгөөг боловсруулж байгаа ба удахгүй олон нийтэд ил болгоно гэсэн юм. Гэсэн ч Ватикан болон Украин мөн л тийм ч таатай харилцаатай байж ирсэнгүй. Өнгөрсөн наймдугаар сард В.Путины тархи гэгддэг Оросын философич Александр Дугины охин Дарьяа Дугина машин нь дэлбэрснээс болж амь үрэгдсэн. Пап лам түүнийг дайны “золиос” гэсэнд Ватикан дахь Украины элчин сайд шүүмжлэлтэй хандсан юм. Тиймээс В.Зеленскийгийн энэ айлчлал дайны нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой гэдгийг хэвлэлүүд онцолж байна. В.Зеленский, пап дам Франциск нар хамгийн сүүлд 2020 онд уулзсан юм.
Эх сурвалж: BBC