Узбекистан улсад үргэлжилж буй боксын ДАШТ-ий хагас шигшээд Монголын хоёр боксчин шалгарч, хүрэл медалийн болзол хангаад байгаа билээ. Тэд өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д армийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг эхний тойргуудад Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг мөн 5:0-ээр ялсан. Улмаар хүрэл медалийн төлөө ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, олимпын гурван хүрэл медальт, Кубийн алдарт боксчин Ласаро Алваресыг ялсан юм.
Тэрбээр мөнгөн медалийн төлөө Тажикистаны боксчин Баходур Усмоновтой өрсөлдөнө.
Баходур Усмонов нь 1997 оны XII сарын 21-нд Душанбе хотноо төрсөн. 26 настай.
Азийн АШТ-ий нэг алт (2019), хоёр хүрэл (2021, 2022) медальтай. “Токио-2020” олимпод оролцсон туршлагатай.
67 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Баттөмөрийн Мишээлт хүрэл медалийн төлөөх тоглолтод Венесуэлийн Кристиан Паласиог ялсан. Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө эзэн орны боксчин Асадхужа Муидинкужаевтай тулалдана. Узбекистан боксчин 22 настай, Азийн АШТ-ий хүрэл медальтай.