Японы рамены газруудад бичигдээгүй хууль байдаг нь “хурдан идээд гарах” юм. Энэ дүрэм үйлчилдэг Токиогийн “Дебу Чан” рамены рестораны эзэн Кота Кай нэгэн сонирхолтой зүйл ажигласан байна. Тэрбээр өөрийнх нь ресторанаар үйлчлүүлж байгаа иргэдийг рамен идэхдээ хэр удаан хугацаа зарцуулдгийг нь тооцоолсон гэнэ. Үр дүнд нь хооллож байхдаа утсаараа бичлэг үзэж, утсаараа оролдож байгаа хүмүүс түүний ресторанд хамгийн их цаг зарцуулж байгааг мэджээ.
Улмаар оргил цагийн үеэр түүний ресторанаар үйлчлүүлж байгаа хүмүүсийг утсаа оролдохыг хориглосон нь Японы цахим сүлжээнд халуун сэдэв болсон байна. “Дебу Чан” ресторан нь Токиод томдоо тооцогдох ресторан бөгөөд 33 хүний суудалтай.
Гэсэн ч ид ачаалалтай үед 10-аас дээш хүн хүлээлгэнэ гэдэг нь ресторануудын хувьд тийм ч таатай үзэгдэл биш гэдгийг рестораны эзэн хэлжээ. Түүний хувьд рамен бол утга учиртай хоол бөгөөд хоолоо идэлгүй хөргөж, утсаар оролдож байгаа хүнийг харах нь үл хүндэтгэсэн хэрэг болохоос гадна рестораны үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг байна.
Энэ үзэгдэл анхных биш бөгөөд 2017 онд Сингапурын МкДоналдс сүлжээ ресторан “Утсаа унтраа. Хөгжилтэй байя” аяныг эхлүүлж байсан юм. Жижиг ресторан эсвэл сүлжээ ресторан эзэмшдэг бизнес эрхлэгчдийн хувьд үйлчлүүлэгчид цаг минутаар хэмжигддэг. Харин тэд хооллохоос илүү цагийг тус газар өнгөрөөх нь бүдүүлэг үзэгдэл хэдийн болсон гэдгийг олон нийт цахим сүлжээнд хуваалцжээ.
Эх сурвалж: CNN