УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын хамаарал бүхий Камдер компани, ХУД-ийн 19 дүгээр хороо Зайсангийн Оргилын хажууд байрлах талбайн ногоон байгууламжийг сүйтгэж барилга барихаар төлөвлөжээ. Үүнийг иргэд хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Учир нь Улаанбаатарыг ногоон хот болгоно, “Нэг тэрбум мод” төслийг хэрэгжүүлнэ гэх мэт гоё зүйлийг ярьдаг боловч бодит байдал дээр Ж.Ганбаатар сайд ногоон байгууламжийг өөрийн гараар нурааж, газрыг нь сэндийлэн барилга барихад бэлэн болгосон байна. Бид хашаан дотор байгаа хүнээс энд юу барих гэж байгаа, ямар барилгын ажил эхлүүлэх гэж байгаа талаар тодруулахад, “Барилгын ажил эхлээгүй байна. Би энэ хашааг зөвхөн манах үүрэгтэй сууж байна. Одоогоор ажил жигдрээгүй учраас, ажилтнууд ирээгүй” гэсэн мэдээлэл өглөө.
Энэ асуудалд иргэд байр сууриа илэрхийлэхдээ…
- Ногоон байгууламжийг нурааж барилга барина гэдэг л муу. Танилтай хүн очоод л мөнгө өгчихдөг. Танилтай нь, даргын хүүхэд нь, тэдний найзууд нь ингээд л барилга бариад их муухай байна. Би өндөр настай хүн. Миний бодлоор, хотын бидэнд барилга биш ногоон байгууламж, талбай л хэрэгтэй. Энэ газах хуучин хичнээн сайхан газар байлаа. Сайдын гараар ороод сүйдэж байх шиг байна.
- Шударга бус зүйлээ зогсоож ногоон байгууламжийг ногоон хэвээр нь үлдээгээч гэж хүсмээр байна. Энд дахиад барилга барьчихвал юу болох юм бэ. Явган хүмүүс нь зөрөх талбайгүй байхад…
- Өөрсдөө юм хийж байвал ард түмэн хамаагүй гэж боддог юм байлгүй. Жаахан газар байсан ч барилга бариад шавааралдуулаад хаячих юм байна шүү дээ.
- Бид чинь хотоо гадагшаа тэлье гээд байгаа биз дээ. Аль 30 жил энэ хот төлөвлөлтгүй явчихсан. Одоо залруулж авахгүй юм бол цаашдаа ирээдүй гэдэг зүйл байхгүй болж Улаанбаатар маань юу болох вэ?
- Ямар учиртай юм мэдэхгүй. Хуучин энд битүү модтой газар байсан. Тэгээд л баахан машин авчирчихсан газрыг нь ухаад л байна. Албан ёсны юм байдаг юм уу. Манай байрны хэдэн хүүхдүүд энд орж тоглодог байсан юм. Ямар ч тоглох талбай байхгүй л болсон байна. Би зургийг нь дарчихдаг юм бил үү гэж бодоод л байж байна.
Бид энэ асуудлаар БОАЖЯ-ны сайд Бат-Эрдэнээс тодруулга авахыг хүсэн, хэвлэлийн төлөөлөгч Ц.Үүрцайхтай холбогдоход, “Наад асуудал дээрээ Б.Бат-Эрдэнэ сайдаас тодруулга авдаг нь ямар учиртай юм. Бургас буулгах нь бол манайд хамааралтай. Гэхдээ наад газарт чинь зөвшөөрөл олгосон нийслэлээсээ аваач. Яагаад зөвшөөрөл олгоод байгаа юм. Бургас буулгасан асуудлаа ойн газартай ярь. Ойн агентлаг гээд тусдаа бүр агентлаг байгуулагдсан” гэлээ. Улмаар бид Ойн газрын мэргэжилтнүүддээ холбоо барихыг оролдсон боловч, утсаа аваагүй, утас нь унтарсан нөхцөл байдалтай байв.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нь иргэдийн газрыг булааж, дээрэмдсэн үйлдэл өмнө нь гаргаж байсан удаатай. Саяхан ХУД-ийн И-мартын эсрэг талын Оргил худалдааны төвийн явган хүний замыг булаачхаад замыг нь гаргаж өгөхгүй миний эзэмшлийн газар гээд таван жил тойрсон. Өнгөрсөн жил л нэг юм явган хүний замыг гаргаж өгсөн. Тэгвэл энэ удаа мөн Оргилын хажууд байрлах 11 мянган метр кв газарт ургаж байсан бургас, моддыг тайрч буулгаж, газрыг нь ухан сэндийчээд одоо барилга барихаар төлөвлөж буйд иргэд ийн бухимдалтай байгаагаа илэрхийлж байна.
Бид энэ асуудлыг нэхэн сурвалжлах болно.