Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан суралцагчдын эргэн төлөлтийг хийж чадвал, санд 370 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Энэ нь 10-20 мянган хүүхэд залуусыг дотоодод сургах боломжтой их хэмжээний мөнгөн дүн юм. Төсвөөс санхүүгийн эх үүсвэрээ босгодог Боловсролын зээлийн сан яагаад зээлчдэгчдээсээ эргэн төлөлтөө авч чадахгүй байгаа, ямар “но” энэ санд үүсээд буй талаар бид БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаатай ярилцлаа.
-Боловсролын зээлийн сан хэзээнээс, ямар зорилготой байгуудагдсан юм бэ?
БЗС нь 2016 онд нэрээ өөрчилсөн. 1993 онд анх Сургалтын төрийн сан нэрээр байгуулагдсан юм. Анхны зорилго нь л шалгуур хангаж элссэн, санхүүгийн боломжгүй суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан ийм төрийн үйлчилгээний байгууллага. Гадаадад зээлээр сургаж буй явдал сүүлд олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Энэ нь 1997 оноос хэрэгжиж эхэлсэн. 1997-2020 он хүртэл нийт 2370 сурагчийг гадаадад зээлээр сургах ажил хийсэн гэсэн үг. Үүнийг хоёр хэсэгт хуваагаад ойлгочихвол арай цэгцтэй. Нэгдүгээрт, 1997-2020 онуудад магистр, докторын зэргээр өндөр хөгжилтэй орны гэж нэрлэгддэг сургуулиудад 1947 суралцагч, 2010-2020 онд дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын хөтөлбөрөөр 421 суралцагч суралцсан. Ялгаатай хөтөлбөрүүд ч гэсэн нийтлэг зүйл нь хоёулаа зээл.
ЗЭЭЛЭЭР ГАДААДАД СУРАЛЦАГЧДЫН 80 ХУВЬ НЬ ЗӨРЧИЛТЭЙ
Үүнээс гадна дотоодын их дээд сургуульд суралцах зээл 1993 оноос эхэлсэн. Дотоодын зээлийн асуудал бол харьцангуй зөрчил багатай. Гадаадад суралцагчдын хувьд ямар асуудлыг би хөндөх гэж байна вэ гэхээр, нийт боловсролын зээлийн сангийн 30 жилийн хугацаанд олгосон санхүүжилтийн 30 орчим хувийг эзэлдэг энэ сурагчид нийт суралцагчдын 10 хувьд ч хүрдэггүй. Тэгэхээр нэг хүнд ногдох санхүүжилтийн хэмжээ өндөр байгаа биз. Тийм хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлчхээд байхад эргээд улс орондоо хувь нэмрээ оруулж үүргээ биелүүлсэн эсэх нь том асуудал.
Боловсролын зээлийн сангийн үйл явцыг гуравхан хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт сонгон шалгаруулалт , хоёрдугаарт суралцах явц, гуравдугаарт эргэн төлөлтийн асуудал буюу төгсөлтийн дараах үйл явц. Гэтэл гадаадад суралцагчдыг материалыг харахаар 80-аас дээш хувийн зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл Засгийн Газраас тогтоосон мэргэжлээр сургаагүй. Ялангуяа зээлээр суралцах шалгуурыг нь хангаагүй. Сурч байгаа сургууль нь ч дэлхийн шилдэг сургуулиудад багтаагүй байдаг. Энэ асуудал 2016 оноос хойш нэлээн гаарсан юм билээ. Зөвхөн дэлхийн шилдэг их дээд сургууль гэж нэрлэгдэж байгаа сургуульд сурч байгаа хүүхдүүдийн судалгааг аваад үзэхээр мэргэжил болон сургуулийнх нь зөрчил 93 хувьтай байна. Засгийн газар, УИХ-аас яах гэж Боловсролын зээлийн сан дээр дүрэм журам байгуулдгийг нь би гайхаад байна. Мөрдөх гэж баталдаггүй юм шиг байгаа юм. Үе үеийн сайд дарга нараас би асуумаар санагддаг. Энэ дүрэм журмаа та бүхэн уншиж судалдаг уу гэж.
Хамгийн тод жишээ нь би 2020 оныг яримаар байна л даа. Одоогийн Боловсролын зээлийн сангийн удирдлага Д.Гарди, Батнэмэх нар тухайн үед ажиллаж байсан. Дэлхийн шилдэг 100-д багтаагүй, мөн дээрээс нь тэргүүлэх мэргэжилд багтахгүй хүмүүс шалгаруулаад тэнцүүлчихсэн. Хоёрдугаарт энэ оны тушаал нь 11, 12 дугаар сард гарчихсан байдаг. Уг нь журам нь хоёр сардаа батлагдаад, хоёрдугаар улиралдаа хийчихсэн байх ёстой. Цагаан дээр хараар бичсэн журам нь нэр төдий юм уу. Үнийг нь мөрдөхгүй байх ёстой юм уу. Би гайхаж байна.
-Төдийгөөс өдий хүртэл олгосон зээлийн 93 хувь нь очих ёсгүй хүндээ очсон гэсэн үг үү?
-Шалгуур хангаагүй хүсүүс гэдгийг тэгж л ойлгоно доо.
-80 хувь гэдэг тоог дахиад тодруулаач?
Өндөр хөгжилтэй орны магистр, докторын хөтөлбөрөөр суралцагчид гэж нэрлэж байгаа юм . Дэлхийн шилдгээс ялгаатай байгаа шүү дээ. Өндөр хөгжилтэй орон гэдэгт 2010 он хүртэл энэ энэ улс гээд заачихсан байх юм билээ. Үүнээс хойш тодорхой бус болсон. Боловсролын сангийн зээл зорилтот зах зээлдээ хүрч байна уу гэдэг л олон нийтийн эгдүүцлийг хүргээд байгаа юм.
-Зээл авчхаад зээлээ төлөөгүй гэдэг 230 хүний нэрийг ил болгосон. Гэтэл манай редакцийн зүгээс хардаж байгаа нэг зүйл нь бага тоо байна гэж үзээд байгаа юм. Жишээ нь жагсаалтад Хурцын охин Намуун байхгүй байх жишээтэй. Дундаас нь нэр сугалах боломжтой юу?
-Тэр зарласан 230 дунд бакалаврын хөтөлбөрөөр сурсан хүүхдүүд байгаагүй. Тэд 2013 он хүртэлхийг л авсан байгаа юм. Бусдыг нь үүргээ биелүүлж байгаа гэж ярьсан байна билээ. Үүргээ биелүүлж байгаа бол төгсөж ирээд 21 хоногийн дотор бүрдүүлсэн үү? Эргэн төлөлтийнхөө графикийг үүсгэж мэдэгдсэн үү? Энэ асуудал болоод байна.
ДЭЛХИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬД СУРАЛЦСАН ГЭХ 421 ХҮҮХЭД МАССААРАА ДАРГЫН ХҮҮХДҮҮД
-Бакалаврын хөтөлбөрөөр сурсан хүүхдүүдийн нэрийг яагаад гаргахгүй байгаа юм бол?
-Би бол хардаж л байна. Дэлхийн шилдэг сургуульд суралцсан гэх 421 хүүхэд тэр чигтээ, массаараа даргын хүүхдүүд байх магадлалтай. Боломжтой айлын хүүхдүүд л явсан гэсэн үг. Бидний харддаг мэдээлэлд ойр байгаа, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй ийм сонгон шалгаруулалт болсон юм билээ. Олон нийтийн зүгээс эдгээр хүүхдүүдийг гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд хяналт тавих боломжгүй байгаа юм.
ХУРЦЫН ОХИН НАМУУН ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ. ЗЭЭЛЭЭ ТӨЛ
-ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.долларын зээл авч гадаадад сурчхаад үүнийгээ тэтгэлэг гэж тайлбарладаг. Зээл аваагүй, төлөхгүй гэж мэлзэхийн дээр, нийгмийн даатгалаа төлж байгаа гэдэг тайлбар өгөөд байгаа. Ингэхдээ төгсөж ирээд таваас доошгүй жил ажиллан нийгмийн даатгалаа төлвөл зээлээс чөлөөлөгдөнө гэсэн агуулга бүхий зүйл ч хэлж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Нийт гадаадад сурч төгссөн хүмүүсийн нийтлэг гаргадаг ааш л даа. Юм л бол миний зээлийг чөлөөлсөн үү, яагаад чөлөөлөхгүй байна вэ гэдэг. Журам тайлбарлаад өгөхөөр ойлгодоггүй. Дарга ангийнхан хууль дүрмийг өөртөө тааруулж тайлбарлаж байгаа нь энэ. Нэгдүгээрт Х.Намууны зээл бол дэлхийн шилдэг их дээд сургуульд сурсан уу гэх асуудал дагуулна. Энэ зээл зайлшгүй эргэн төлөгдөх ёстой. Маш тодорхой заалтууд бий шүү дээ. Сургалтын зээл бол эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөлтэй юм аа гээд. Тэгэхээр Х.Намууны авсан зээл нь эргэн төлөгдөх ёстой төсвөөс гарсан санхүүжилт юм. Хуулиа, дүрмээ уншиж судлаач ээ гэж хэлмээр байна. Мөн Х.Намууны эзэмшсэн мэргэжил тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад байхгүй. Тиймээс тэр зээлийг бол анхнаасаа ч явах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл журмын шалгуур зөрчиж явсан. Нэгэнт явчихсан юм бол, өөрийн болон эцгийнхээ нүүрийг боддог юм бол, үүргээ гүйцэтгээд та зээлээ төлчхөөч гэж шаардмаар байна.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН ДОТРООСОО “ЯЛЗАРСАН”
Би 42 суралцагчтай яг ийм асуудлаар хоёр жилийн хугацаанд ажилласан. Ингээд 2020 оны гуравдугаар сараас, намайг ажлаа өг гэж шахсан. Надаас өөр бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас чөлөөлөгдсөн хүн байхгүй. Боловсролын зээлийн сан дээр 2022 онд нэлээн сөрөг үйл явдлууд болсон. Д.Гарди дарга ирснээс хойш хүний нөөцийн хөдөлгөөн ихэдсэн. Боловсроын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Хоёрдугаарт ажлын байрны шаардлагад нийцэхгүй хүмүүс ажилд авчихсан. Д. Гарди дарга 2014-2016 онд ОХУ-д сурсан байдаг. Энэ хүний сурсан мэргэжил тэргүүлэх мэргэжил биш. Мөн энэ хүний зээлийг тэглэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн этгээд өнөөдөр дарга хийгээд явж байна. 2022 оны гуравдугаар сард Л.Энх-Амгалан сайд зээлийг нь чөлөөлсөн шүү дээ.
Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Батнэмэх гэж хүн 2009-2011 онд Англид сурсан байдаг юм билээ. Сурсан мэргэжил нь мөн тухайн үед Засгийн газраас баталсан мэргэжлээс зөрдөг. Төгсөж ирээд зээлээ гуравхан жилийн дотор чөлөөлүүлчихсэн. Ийм хүмүүсийг яах гэж зээлийн сан руу явуулаад байгааг нь би гайхаж байна.
Боловсролын зээлийн газрын үйл ажиллагаа явуулах санхүүжилтийг Засгийн Газраас тогтоодог. Зөвхөн зээлийн эргэн төлөх нөхцлийг УИХ-аас тогтооно гэж заасан байгаа. Гэхдээ тогтоосон удаа байхгүй. Х.Намуунтай холбоотой хуулийн тогтоолууд дээрээс эргэн төлөх нөхцөлтэй байна гэсэн заалтын 1.2 дээр , жагсаалтын 1.4 дээр заасан байна. Суралцагчийн сурах сургууль нь дэлхийн эхний 20-д багтаж байвал мэргэжил хамаарахгүй гэж. Гэтэл Х.Намууны сургууль тухайн жилдээ 39 дүгээрт эрэмбэлэгдэж байсан юм. Тэгэхээр зээл авч сурах боломжгүй гэсэн үг. 2022 оныг хүртэл суралцагчийн мэдээлэл огт ил байгаагүй нь хөндөх чухал сэдэв юм.
ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН МЭДЭЭЛЛИЙГ БҮГДИЙГ НЬ ИЛ ТОД БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Зээлээ төлөхгүй олон хүн байгаад байна. Тэгвэл зарчмын хувьд яаж явах ёстой юм бэ?
-Албан тушаалтны гэмт хэрэгтнүүдийг үргэлжлүүлэн давраахыг таслан зогсоомоор байна. Үүний тулд Боловсролын зээлийн санг мэргэжлийн хүнээр удирдуулж, мэргэжлийн баг ажиллуулах шаардлагатай. Угаасаа дотор нь ашиг сонирхлын зөрчилтэй баг ажиллахаар хэний зээлийг төлүүлэх гэж ажиллах вэ дээ.
Хоёрдугаарт дээрх зээлүүдийг эргэн төлүүлээч ээ. Зөвхөн гадаадын зээлийн дүн нь 370 тэрбум төгрөг байна. 25 жилийн алдагдсан боломжийн өртөг гэвэл харьцуулшгүй их тоо гарна. Дотоодын 20 мянган хүүхдийг сургах мөнгийг эргэн төлүүлэхгүй тавиад туучихсан байна шүү дээ.
Нөгөөтэйгүүр энэ санг бие даалгах боломжтой. Боловсрол гэдэг маш том хөрөнгө оруулалт. Тиймээс бие даан ажилдах боломжийг бүрдүүлэх чухал. Мөн зээл бүр нь ил тод нээлттэй баймаар байна. Ерөнхий сайдын өнгөрсөн жилийн тэтгэлэг бол битүү “но” байсан. Үүнийг би баримтаар нотолж чадна. Энэ жилийн сонгон шалгаруулалтад хэдэн хүүхэд бүртгүүлсэн юм. Ажлын хэсэгт нь хэн хэн байгаа юм. Мэдэхгүй. Энэ бүхнийг ил байлгамаар байна. Ямар ч мэдээлэл нь ил тод биш байна. Уг нь хууль бол зүгээр хэлбэр биш шүү дээ.
-Зээлдэгчид зээлээ төлөхгүй байхад, хаанаас мөнгө олж үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулаад байгаа юм бол?
-Зээлийн санхүүжилт нь угаасаа төсвийн эх үүсвэр.