Орос, Украины байлдааны халуун цэг болсон Бахмутад сурвалжилга хийж байсан 32 настай Франц сэтгүүлч амиа алджээ.
“AFP” агентлагийн сэтгүүлч Арман Солдин нь пуужингийн цохилтод өртсөн гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй юм. Түүнтэй хамт ажиллаж байсан хэсэг сэтгүүлчид Украин цэргүүдийн хамгаалалт дор явж байхад энэ халдлага болсон байна. Францын ерөнхийлөгч Э.Макрон түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бол “AFP” агентлагийн тэргүүн “Дайныг сурвалжилж байгаа сэтгүүлчид өдөр бүр ямар эрсдэлтэй амь насаараа тулгарч байгааг тэр харууллаа” гэжээ. Арман Солдин нь Украины дайныг сурвалжлахаар өнгөрсөн жил тус улсыг зорьсон бөгөөд есдүгээр сараас хойш тэнд амьдарч байсан байна.
Цагаан ордноос мөн эмгэнэл илэрхийлж, Украины дайныг сурвалжилж байхдаа амь эрсэдсэн сэтгүүлчдийн өмнө дэлхий дахин өртэй боллоо гэжээ. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Орос, Украины дайн эхэлснээс хойш Арман Солдиныг оруулаад нийт 15 сэтгүүлч амиа алдсан гэдгийг “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC