ЕБС-ийн сурагч Б.Амина одоо 16 настай. Тэрээр Pinecone Academy-д хоёр дахь жилдээ суралцаж буй бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнээ оновчтой захиалах боломжтой шийдлийг шингээсэн аппликейшн бүтээжээ. Анх мэдээллийн технологийн салбарт төлийлөн сонирхолтой байгаагүй тэр өөрийгөө өөр салбарт сорьж үзэхийг хүсэн, сонирхдог зүйл болох гоо сайхан, арьс арчилгаан дээрээ тулгуурлан шинэ аппликейшн бүтээсэн нь энэ юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Миний хувьд өөрөө арьсны асуудалтай учраас энэ талаар мэдээ, мэдээлэл их цуглуулдаг байсан. Ингээд анзаараад байхад үе тэнгийн охид хөвгүүд маань арьсны асуудлаасаа үүдэн сэтгэлээр унах, чанарын баталгаагүй бүтээгдэхүүнийг өөр дээрээ туршиж байгаа нь анзаарагдсан. Тиймээс үүн дээр төвлөрч, нэн тэргүүнд чанартай арьс, гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сонголттойгоор олгох орон зай байна гэж хараад аппликейшнээ бүтээсэн байгаа. Эгч маань солонгосоос чанартай, баталгаатай сайн бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг. Өөрөөр хэлбэл эгчтэйгээ хамтарч ажилладаг гэсэн үг. Одоогийн байдлаар гүйцэтгэл маань 70 хувьтай явж байгаа. Аппликейшнаа бүтээхээр гурван сарын хугацаа зарцуулсан. Дизайнаа гаргахаас эхлээд сонирхолтой олон ажлын ард нь гараад байна. Одоо кодоо бичих л дутуу байгаа. Мэдээллийн технологийн салбар гэхээр хүмүүс нэг их хэцүү зүйл гэж бодоод байдаг. Код бичих гэх мэт ажлууд амар зүйл биш ч гэсэн цаг заваа гаргаад хичээж байгаа бүхэн болж бүтээд байдаг шүү дээ. Би хийж буй зүйл дээрээ нэг суухаар 4-5 цаг өндийхгүй төвлөрдөг.
Pinecone Academy-д орж ирэхээсээ өмнө би өөрийгөө мэдээллийн технологийн энэ салбарт авъяасгүй гэж боддог байсан. Яг суралцаад, хийж байх явцдаа өөрийнхөө мэдрэмжтэй байдлыг олж анзаарсан. Бодсоноо тэр болгон бүтээнэ гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ технологийн давуу тал нь хүн бодлоо шууд бүтээл болгож чадах эрх чөлөөг өгдөг юм шиг санагддаг. Ингээд л “би ч бас яагаад ийм чадварыг сурч болохгүй гэж” гэх бодол өөрийн эрхгүй бодогдсон юм. Бас хамт олон минь үргэлж дэмжиж, дийлэнхдээ багаар ажилладаг учраас сургалтад суусан маань том үр дүнг авчирсан.
Цаашдаа аппликейшнаа улам л хөгжүүлэхийг хүсэж байгаа. Миний бүтээсэн энэ зүйлийг аль болох олон хүмүүс сонгож хэрэглээсэй гэж хүсэж байна. Pinecone Academy-д суралцсан үе тэнгийн хүүхдүүдийн зарим нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Дунджаас дээгүүр цалинтай ажиллах боломжтой болсон гэсэн үг л дээ. Би ч гэсэн яагаад энэ зүйлийг үлгэрлэж, хэрэгжүүлж болохгүй гэж хэмээн бодоод хичээж байгаа. Ямар ч байсан олон боломжийн үүд хаалгыг нээж өгч байгаа багш хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна” гэв.