Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсад үргэлжилж байна. 5.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын 10 боксчин өрсөлдөж байгаа юм.
Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д армийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг эхний тойргуудад Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг мөн 5:0-ээр ялсан.
Дөнгөж сая хүрэл медалийн төлөө ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, олимпын гурван хүрэл медальт, Кубийн алдарт боксчин Ласаро Алварестай өрсөлдлөө. Улмаар түүнийг ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангав.
Тэрбээр мөнгөн медалийн төлөө Тажикистаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой баасан гаригт тулалдана.
Өнөөдөр мөн 67 кг-д ОУХМ Б.Мишээлт хүрэл медалийн төлөө Венесуэлийн К.Паласиотой өрсөлдөнө.