Алдарт комедиан, жүжигчин Жэйми Фоксын бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Гэвч энэ мэдээлэл гараад хэдэн долоо хоног өнгөрснөөс хойш түүний биеийн байдлын талаар мэдээлэл тодорхойгүй хэвээр байна.
Тодруулбал, дөрөвдүгээр сард жүжигчин эр Нетфликсийн “Back in Action” кинонд тоглож байх үедээ түргэний машинаар эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Юунаас болж, яагаад эмнэлэгт хэвтсэн зэрэг асуултууд одоог хүртэл хариултгүй хэвээр байна.
Өнгөрсөн долоо хоногт түүний гэр бүлийнхэн хувийн орон зайг нь хүндэтгэхийг хүсэж, хүмүүсээс ирж буй сэтгэлийн дэмжлэгэд талархлаа илэрхийлснээс өөр мэдээлэл өгөөгүй юм. Жүжигчин Жэйми Фокс нь ихэвчлэн инээдмийн кинонд тоглодог, нээлттэй мэт харагддаг нэгэн боловч угтаа хувийн амьдралаа олны нүднээс хол байлгадаг, чимээгүй амьдралтай нэгэн гэдгийг ойр дотныхон нь тодорхойлдог аж. Тиймээс энэ удаад ч биеийн байдлаа олон нийтэд мэдээлэхийг хүсэхгүй байгаа болов уу гэж хэвлэлүүд таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: CNN