Уламжлалт Анагаах Ухааны их эмч, Сэтгэл судлаач Б.Батчимэгтэй хүний мөн чанар болон түүнд тохирсон эрүүл зөв хооллолтын ач тус, цээрлэх явдал мөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
САЙН МӨН ЧАНАРТАЙ ХҮҮХДИЙГ ӨВЧИН ОРООДОГГҮЙ, ЦААШЛААД АМЬДРАЛ НЬ ХҮРТЭЛ ТЭГШ САЙХАН БАЙДАГ
-Сайн байна уу. Та уншигчдадаа мөн чанар гэж юуг хэлж байгааг тайлбарлаж өгөөч.
Б.Батчимэг: Сайн байна уу. Мөн чанар гэдэг бол тухайн хүний эцэг, эхээс авч төрсөн бие махбод, оюун санаа, сэтгэлийн төрөлх төлөв байдал, онцлогийг хэлдэг юм. Энэхүү чанар насан туршид хадгалагддаг хувьсан өөрчлөгдөггүй төрөлх чанар юм шүү дээ. Жирэмсэн байх үеийн ээжийн хооллолт, явдал мөр, сэтгэл санаанаас их хамаарч хий, шар, бадганы мөн чанартай хүүхэд төрөх эсэх нь тогтоно. Жирэмсэн ээж биеэ энхрийлж амьдралын зөв хэв маягийг мөрдөж төрвөл бадган, хурмал мөн чанартай хүүхэдтэй болох боломжтой. Бадган хурмал мөн чанартай хүүхэд нь илүү тайван, өвчин, зовлон багатай өсгөлүүн өсөж бойжих ба урт наслах, тэр битгий хэл эд баялгаар дорвилог, зовлон зүдгүүр багатай байх төрөлхийн мөн чанарыг авч төрдөг. Үүнийг Анагаах ухааны дөрвөн үндэс тэргүүтэй олон судар бичиг, эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Монгол уламжлалд удам угсааг нь харж гэрлэдэг нь цаагуураа сайн мөн чанартай хүнтэй гэрлээрэй гэсэнтэй ижил утга юм. Энэ хий, шар, бадганы онцлог, төрөлх чанарыг мэдсэнээр ямар өвчнөөс урьдчилсан сэргийлж болох уу, ямар авьяас билгээ хөгжүүлж болох уу, ямар хоол хүнсийг түлхүү улиралтайгаа уялдуулж хэрэглэх үү гэдэг зүйл яригдана.
Мөн чанарыг тодорхойлохдоо судсыг чагнаж, хэл, шээсийг харахын зэрэгцээ маш нарийн асуумж, оношилгооны үндсэн дээр тодорхойлно. Хамгийн энгийн баримжаа авах шинж тэмдгийг хэлье. Дан хий гэдэг мөн чанартай хүн ховор бөгөөд ихэвчлэн хавсарсан мөн чанартай тохиолддог тул хий мөн чанартан муу, бадган мөн чанартан сайн гэж туйлширч ойлгож болохгүй.
-Тэгвэл та мөн чанаруудын ерөнхий төлөв байдлыг хэлж өгөөч.
Хамгийн эхлээд хийн мөн чанартай хүний шинж байдлыг авч үзье.
- Биеийн хэлбэр дүрс нь бөгтгөр
- Туранхай
- Арьс-хуурай ширүүн
- Арьсны өнгө-бор хүрэн хар, хөхөлбөр өнгөтэй
- Нүд-цагаан эсвэл хөхөлбөр, харц тогтворгүй, олон анивчина
- Чих-шуугина, загатнана
- Хамар-хөхөлбөр өнгөтэй, хамар битүүрнэ, үнэр мэдрэхгүй
- Хэл нь улаан хөхөлбөр эсвэл ягаан, хуурай ширүүн
- Өтгөн нь хөөс ихтэй, хоргосолж хатна
- Шээсний хөөс нь том, үнэр багатай, өнгөгүй талдаа
- Хумс-хөхрөх, хувхайрах, зузаарах, хатуу болох
- Үс-бор хар, хар, хуурай
- Өлсөх-тогтмол бус
- Цангах-тогтмол бус
- Нойр-өнгөц сэрэмтгий ба нойронд маш сэргэг
- Зүүд-их зүүдэлнэ, хар дарна
- Яриа-түргэн ярина, олон үглэнэ
- Оюуны идэвх- санаж сэдсэн идэвхтэй
- Сэрүүн жавартай хүйтэнд даарах нь амархан
- Хүйтэнд тэсвэргүй
- Явж, хөдлөхөд үе мөчөөр дуугарна
- Биеийн овор хэмжээ жижиг
- Хүсэл тачаалын эрхээр бүжиг, наадам, тулаан тэмцэлд дуртай
- Амтлаг, исгэлэн, халуун амтанд дуртай
- Ажил хөдөлмөр, зовлон энэлгээнд тэсвэр тэвчээр муутай байдаг.
- Сэтгэл хөдлөл ихтэй, эмзэг, уян, яриа
Шар мөн чанартай хүний шинж байдлыг авч үзье.
- Арьс-зөөлөн чийглэг, тослог
- Царай-улаа бутарсан шар, шаргал царайтай
- Нүд-үүл нь шар, махан ургацагтай, харц ширүүн, нуух гоожно
- Хамар-улайх ба цус гарах, хуурайших
- Уруу-улбар шаргал өнгөтэй, хатаж хуурайшна хагарна
- Хэл-улаавтар өнгөтэй, зузаан шаргал шар өнгөртэй
- Өтгөн-шар өнгөтэй, өмхий үнэртэй
- Шингэн-шар, улбар шар, улаан өнгөтэй, үнэр уур ихтэй
- Үс-шаравтар, тослог, эрт бууралдсан
- Хумс-шарлах, харавтар зураас тогтох
- Нойр-шөнө унтаж чадахгүй өдөр нойр их хүрнэ
- Яриа-хурц ширүүн, түрэмгий
- Оюуны идэвх-түрэмгий ухаалаг
- Зориг ихтэй
- Уур омог их
- Өлсөж, цангах нь их
- Гашуун амтанд дурламтгай
- Их хөлрөмтгий ба хөлснийх нь үнэр муухай
- Сэтгэл зүйн төлөв байдал ширүүн, догшин, цочимтгой
Бадган мөн чанартай хүний шинж байдлыг авч үзье.
- Биеийн илч багатай
- Махлаг
- Арьсны өнгө цайвар, тослог
- Нойр их
- Нүд-үүл нь цагаан цайвар, өөхөн ургацагтай, харц дөлгөөн, зовхи сэлхэрсэн
- Чих-цагаан өнгөтэй, хулхи ихтэй
- Уруул-цайвар өнгөтэй, өнгөртэй, ялбарна, шүүс гоожно
- Хэл-том, чийглэг зөөлөн, зах ирмэгээрээ шүдний оромтой
- Ам заваарна
- Өтгөн-цайвар шаргал өнгөтэй, исгэлэн үнэртэй
- Шингэн-цайвар шар өнгөтэй, үнэр уур багатай
- Үс-бараан, гялалзсан, тослог, даахирсан
- Хумс-цайсан, цагаан толботой
- Царай-сэлхэрсэн, цайвар өнгөтэй
- Өлсөх цангах нь бага
- Нойр их, алжааж нойрмоглоно
- Яриа-удаан алгуур, үг дуу цөөн
- Оюуны идэвх-амгалан удаан
- Сэтгэл хөдлөл-гунигтай, үг дуу цөөтэй
- Алив зовлонг даах чадвартай, ядрах зэрэгт тэвчээр сайтай
- Бидний төрөлх мөн чанар дангаараа байх нь маш ховор бөгөөд хий, шар хавсарсан мөн чанартай гэх зэрэг хавсарсан тохиолддог. Хүн өөрийн мөн чанарыг таньж түүнд тохирсон хоол хүнс хэрэглэх гэдэг нь өвдөх эрсдлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг.
-Тэгвэл хооллолт яагаад чухал юм бэ?
Б.Батчимэг: Бидний бие махбод идсэн хоолны үр дүн юм шүү дээ. Таны өнөөдрийн идсэн хоол 7 хоногийн дараа бодисын солилцооны үр дүнд энгийн үгээр хэлбэл энерги болдог. Энэ энергиэр нүдний галтай, эрч хүчтэй, сүр жавхаатай, хийморьтой ажиллаж, амьдарч байна. Энэ энерги буюу охь тунгалаг барагдвал ядарч сульдсан, хүч тэнхээгүй, сүр сүлдгүй тэр битгий хэл ажил үйлс ч бүтэмжгүй болно. Энэ охь тунгалаг зүрхийг тэтгэснээр урт наслах, эрүүл байх шалтгаан бүрддэг юм.
Хоолны шим, чанар багасхаар охь тунгалаг барагддаг. Үүнээс гадна сэтгэлийн зовлон, шийдэж чадахгүй ажил, амьдралын асуудлууд, уй гашуу, стресс зэргээс шалтгаалж биднийг эрч хүчтэй, цог золбоотой, эрүүл байлгадаг охь тунгалаг маань шавхагдана. Ингээд чөмөг, ясны бодисын солилцоо өөрчлөлтөд орвол үс цайх, унах, хугарах, халцрах, хумс, шүд хэврэгших, хэт бээрэг, нүдний хараа муудах, нөхөн үржихүйн асуудал ч гарах нөхцөл болно. Их аюултай юм шүү дээ.
-Та улиралдаа болон мөн чанартаа тохирсон хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Чухам яагаад бид улиралтайгаа таарсан хүнс хэрэглэх хэрэгтэй вэ?
Улирлын эрхээр бие махбод, ходоодны галын илч өөрчлөгддөг тул жилийн дөрвөн улирлын идээ, унд өөр өөр байдаг. Ингээд улиралдаа зохистой хэрэглэх хүнсээ зөв сонгож боловсруулаад идчихвэл эрүүл байна гэсэн үг. Улирал харгалзахгүй жилийн дөрвөн улирал мах идэж, хүслийнхээ эрхээр хооллоод байгаа учраас энэ их өвчлөл үүсээд байгаа юм. Харин ч сүүлийн үед манай иргэд харьцангуй мэддэг болж байна.
-Та зохистой хоолнуудыг дэлгэрэнгүй дурдаж өгнө үү.
Зохистой хооллолт гэдгийг онолын түвшинд ингэж тайлбарлая. Улирлаас шалтгаалж өөрчлөгдөж байгаа биеийн онцлогт тааруулж тухайн улиралд хэрэглэх хүнсийг зөв болгож боловсруулж, зөв цагтаа, өөрийн ходоодны хэмжээндээ, ажил амьдралын энерги хэр зарцуулдаг эсэхээс шалгаалж хүртэхийг хэлнэ. Зуны улирал болж байгаа тул зуны улирлын хооллолт, явдал мөрийг хэлье
- Сүүтэй хийцтэй цай
- Шар будаатай сүүтэй цай
- Борцтой хийцэй цай
- Хумсны толион чинээ шар тостой арвайн гурил
- Сүүтэй овъёос
- Буурцгийн зутан
- Хөөрүүлсэн бүлээн сүү
- Бор гурил, бүхэл үрийн талх, боов, жигнэмэг
- Чанасан өндөг
- Тахианы махтай зутан
- Ширгээсэн бүлээн ус шимж уух
- Бор гурил болон бүхэл үр хольсон гурилтай шөлтэй хоол
- Хөц будаатай шөл
- Хатаасан гурилтай шөл
- Борцтой гурилтай шөл
- Жигнэсэн гурилтай шөл
- Банштай шөл
- Банштай цай
- Битүү шөл
- Хар шөл
- 5 цулын шөл
- Бүхэл үрийн бантан
- Будааны шингэн зутан
- Хонины мах, үхрийн борц, үхрийн махтай бор гурилаар хийсэн банш, бууз жигнэж идэх мөн шар тосонд хайрсан хуушуур идэж болно (нэг дор 3 идэхэд болно), нарийн ногоогоотой шөлтэй, жигнэсэн хоолнууд, хулуу, өргөст хэмх, хаш, чинжүү, лууван, байцаа, буурцаг, шанцай, бууцай, лооль, сонгино, саримс, перец, ногоон сонгино.
- Ааруул
- Хайлмаг
- Сүү
- Өрөм
- Аарц
- Бяслаг
- Тараг бүх төрлийн цагаан идээ хэрэглэнэ.
Тамир тэнхээгээ барахгүй байхад хоололтоос гадна юуг анхаарах хэрэгтэй вэ?
Би уншигчдадаа зориулан хамгийн энгийн цээрлэх явдал мөрийн талаар хэлж өгье.
- Өглөө өлөн гарахгүй байх, өлөн үедээ их ярих, ядартлаа ажиллах, хэтрүүлсэн дасгал хөдөлгөөн хийхгүй байх, өлсөхгүй байх, хүйтэн хоол, унд идэж, уухгүй байхыг анхаарна.
- Шөнийн нойрыг таслахгүй байх, даарч, салхинд цохиулахгүй байх, цус алдах, суулгах, бөөлжих үед дариу арга хэмжээ авах, цөхөртлөө уйлах, шаналах, сэтгэл санааг хямраахгүй байхад анхаарна. Долоо хоногт хоёроос илүү дотно харилцаанд орохгүй байх, өтгөн, шингэнийг гарах болоогүй үед хүчээр гаргах, эсвэл клизм тавих, гарах болсон үед хүчээр барихгүй байх. Дээрх нөхцөлөөр зуны цагт хий өвчин хөдөлдөг тул хянамгайлаарай.
Та бүхэн Б.Батчимэг эмчтэй холбогдох бол доорх холбоос дээр дараарай.
https://www.facebook.com/Dr.Batchimeg