Японы иргэн "АЕRO MONGOLIA" компанийн нислэгээсээ хоцорсон тухай цахим орчинд бичсэн нь нийгмийн сүлжээнд анхаарал татаж байна. "Онгоцны тийзээ захиалсан ч явж чадсангүй. Ирээд асуутал тийм нислэг байхгүй, мэдэхгүй" гэж хариуллаа хэмээн тэрээр бичсэн нь 5 саяд хүнд хүрчээ. Улмаар нисэхийн авиа компанийн хариуцлагагүй үйлдлээс болж, "жуулчид үргэх нь" гэх асуудлыг олон нийт хөндөж байна. Энэ талаар "AERO MONGOLIA" компанийн коммер хариуцсан захирал Д.Амарсанаагаас тодрууллаа.
– Монголын иргэний нисэхийн авиа компани зорчигчоо орхижээ гэх мэдээлэл олон улсад түгж байна. Ийм хариуцлагагүй байвал жуулчид Монголд ирэхгүй нь ээ гэх мэтээр шүүмжилж байна. Яг юу болсон юм бэ?
Манай онгоц засварт орох шаардлагатай болсон тул төлөвлөсөн нислэгээ цуцалж, тийз захиалсан зорчигчдоо бусад авиа компанийн нислэг рүү хуваарилах ажлыг бид зохион байгуулсан. Тавдугаар сарын 7-ны нислэгийн захиалгыг гуравдугаар сарын 13-наас авч эхэлсэн. Улмаар гуравдугаар сарын 30-нд зоригчдодоо мэдэгдэж, өөр нислэг рүү хуваарийг нь шилжүүлж өгсөн.
– Япон иргэний хувьд яагаад ганцаараа хоцорчихсон юм бол?
Тухайн иргэнтэй бид холбогдохоор бүх талаар хандсан ч хариу авч чадаагүй. Тухайн хүний хувьд олон улсын "agoda" гэх тийз захиалгын төвөөс тийзээ захиалсан байсан. Бид энэ төв рүү мэдээлэл хүргүүлсэн боловч цааш дамжуулаагүй алдаа гарсан байна. Билетээ давхар давхар шат дамжлагаар авсан учраас мэдээллээ бүрэн гүйцэд авч чадаагүй асуудал үүслээ. Бид "agoda" руу хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 27-нд холбогдсон байдаг.
– Нисэх буудал дээр очоод асуутал "Тийм нислэг мэдэхгүй" гэж хариулсан гэж бичсэн байсан?
Тухайн иргэн нисэх буудлын ажилтнаас нислэгээ сурагласан байсан. Мэдээж, манай нислэг цуцлагдсан учир "Тийм нислэг байхгүй" гэж хариулсан байх. Өөрөөр хэлбэл, манай компанийн нислэг хариуцсан ажилтан таараад, тийм хариулт өгсөн гэсэн үг биш.
– Тухайн хүнтэй танайхаас холбогдож уучлал гуйсан уу?
Бид холбогдсон. Учир байдлаа хэлээд, билет захиалгын төвд нь хандсан, гомдол гаргасан гэдгээ хэлсэн. Одоогоор бид тухайн төвөөс хариу хүлээж байна.