Дэлхийн II дайнд Зөвлөлтийн цэргүүд Фашист Германыг ялсны 78 жилийн ой буюу Ялалтын баяр ОХУ-д болох гэж байна. Гэвч энэ удаагийн Ялалтын баяр В.Путины хорь гаруй жилийн засаглал дахь хамгийн даруухан баяр болох төлөвтэй байна.
Учир нь өнгөрсөн долоо хоногт Украины тал Кремль рүү, нэн ялангуяа, В.Путины амь насанд халдах зорилгоор дроны дайралт хийсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн. Түүнчлэн Украины арми сөрөг довтолгоогоо хийхээр бэлтгэж байгаа тул энэ жил ОХУ-ын хэд хэдэн томоохон хотууд Ялалтын баярыг аюулгүй байдлын үүднээс цомхон хүрээнд тэмдэглэнэ гэж мэдэгдсэн юм. Угтаа Ялалтын баярыг ОХУ үндэсний хэмжээнд, өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрөөдөг.
Харин энэ жил ийн олон нийтийг хамрахгүйгээр тэмдэглэх гэж байна. ОХУ-ын 20 гаруй хотод цэргийн парад хийхгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт болсон Кремлийн халдлагаас болж хэдэн арван бүс нутагт дрон хэрэглэхийг хоригложээ. Түүнчлэн Ялалтын баярын өмнөх хоёр долоо хоногт ОХУ-ын эрх баригчид аюулгүй байдлын үүднээс гэсэн тайлбар дор улаан талбайг хаасан байна. Шинжээчдийн үзэж буйгаар, үндсэн цэргийн парадад маш цөөн тооны цэрэг, зэвсэг оролцоно гэсэн юм.