Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам долларын зээл авч Канадад суралцсан Б.Хурцын охин Х.Намуун, “зээлээ төлөх эсэх нь миний эрхийн асуудал, хувийн орон зайд минь битгий халд” гэж мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Өрөг.мн сайт сүүлийн долоон хоногуудад хөгжлийн банкнаас, ЖДҮ сангаас, Боловсролын зээлийн сангаас зээл авчхаад одоог хүртэл төлөөгүй байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гэр бүлийн талаарх мэдээлэл, нэвтрүүлгийг та бүхэнд хүргэсэн. Б.Хурцын гэр бүл нь Хөгжлийн банкнаас 22 тэрбум төгрөгийн зээл авчхаад, 7.5 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан. Мөн 1.7 тэрбумыг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.
Мөн ЖДҮ сангаас 1.5 тэрбум төгрөгийг зургаан жилийн өмнө авчхаад өнөөдрийн байдлаар 400 сая төгрөгийг нь л төлсөн буюу 1.1 тэрбум төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байгаа.
Түүнчлэн Б.Хурцын том охин Х.Намуун БЗС-гаас 72 мянган ам.доллар буюу 200 гаруй сая төгрөгийн зээлээр гадаадад сурчхаад одоо зээлээ төлөхгүй. Би тэтгэлгээр суралцсан гэсэн тайлбар өгөөд байгаа юм. Бид энэ асуудалтай холбогдуулан Б.Хурцын охиноос, яагаад зээлээ төлөхгүй байгаа, яагаад зээлээ тэтгэлэг гэж худлаа яриад байгаа талаар тодруулсан юм.
-Боловсролын зээлийн сангаас авсан зээлтэй нь холбоотой асуудлаар танаас тайлбар авмаар байна.
-Одоо бол ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Хуульчаа явуулах саналтай байна.
-Яагаад боломжгүй байна вэ?
-Хувийн эрх биз дээ.
-Та зээл авсан нь үнэн. Төлөхгүй байгаа нь үнэн. Худлаа хэлж байгаа нь үнэн. Зээлээ төлөх мөнгөгүй байгаа юм уу? Яагаад төлөхгүй байгаа юм бэ?
-Миний хувийн орон зай гэж зүйл байгаа.
-Хуульчтай нь уулзах зөв юм шиг байна. Тийм үү?
-Манай хуульч өөрөө холбогдох байх. Ер нь холбогдохгүй байсан ч бидний эрх биз дээ.
-Зээлээ төлөхгүй байх нь таны эрх юм уу?
-Та нарын оролцох шаардлагатай зүйл биш.
БЗС-ГААС ЗЭЭЛ АВЧХААД ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ШАТ ДАРААТАЙГААР ШҮҮХЭД ӨГНӨ
Б.Хурцын эрх охин Х.Намуун тайлбар өгөхөөс ийн татгалзсан. Улмаар бид Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гардиас дараах зүйлийг тодрууллаа.
-Нэр нь ил тод зарлагдсан 230 гаруй хүний зээдийн мэдээлэл байна. хэзээ зээлийг нь эргэн төлүүлэх юм бэ?
-Хууль журмын хүрээнд бид шаардлага тавьсан. Цаашлаад хууль хяналтын байгууллагад өгөөд явж байна. Шүүхийнхээ дагуу шийдвэр гарах ёстой.
-Эдгээр хүмүүсийнхээ зээлийг төлүүлэх юм уу? чөлөөлөх юм уу?
Хууль хяналтын байгууллагаас прокурорын байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд тодорхой хэмжээнд, хэсэг бүлгээр нь, бага багаар нь кэйс кэйсээр нь шүүхэд өгөх гээд бэлдээд сууж байна.
-Эрх мэдэл, албан тушаалтай хүний хүүхэд зээлийн шалгуураа хангаагүй байж гадаадад сурч ирчхээд одоо зээлээ төлөхгүй гээд сууж байдаг. Яагаад ийм шударга бус байна вэ?
-Өнгөрсөн жилийн хугацаанд ийм асуудал гарсан нь үнэн. Дахиж ийм зүйл гаргахгүйн тулд ажиллаж байна.
БИД ТОМЧУУДЫГ ТЭЖЭЭХ ГЭЖ ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ. ӨРӨӨ ТӨЛ!!!
Харин иргэд дээрх асуудалд байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ:
- Ичмээр байна шүү дээ. Мань мэт зээлээ төлөхгүй бол торонд л орно. Хаан банкнаас 15 сая төгрөг зээлээд гурван жил төлж байгаа шүү дээ. Шударга л байх хэрэгтэй байна.
- Тэр хүмүүсээс мөнгөө авах л хэрэгтэй. Хэрвээ хүүхдээ зээлээр сургасан юм бол төлбөрөө эргээд төлөх нь зүйтэй биз дээ. Тэгж байж улсыг хохиролгүй болгоно. Тэднийг бид ямар тэжээх гэж байгаа биш. Улс эх орноо сайн сайхан байлгаж, үр хүүхдээ заавал гадаадад биш монголдоо ажиллаж хөдөлмөрлүүлж байвал зүгээр гэсэн дээ насаараа татвар төллөө.
- Би ч гэсэн хүүхдээ гадаадад сургамаар л байна. Миний хүүхэд бас мөдхөн төгсөнө. Тийм боломж олдохгүй шүү дээ. Ямар хүмүүст үйлчлээд, ямарт нь үйлчилдэггүй юм. Хэн нь авч идээд яваад байдаг юм. Би сайн ойлгохгүй л байна.
- Монголд үйл явуулж байгаа бүхий л ААН-ээс төр өөрөө татвар авдаг. Энэ мөнгө монголын хөгжилд зориулагдах ёстой байтал эрх мэдэлтнүүд хувийнхаа эрх ашигт зарцуулж байна. Тиймээс үүнийг хянадаг төрийн тогтолцоо байх хэрэгтэй. бухимдаж байна.