ОХУ Украины Киев тэргүүтэй хэд хэдэн хотуудад агаарын цохилт өглөө. Тодруулбал, энэ удаагийн халдлагад нисгэгчгүй онгоц болон пуужин ашигласан байна. Украины арми Иранд үйлдвэрлэгдсэн 35 “Шахед” нисгэгчгүй онгоцыг устгаснаа мэдэгджээ. Гэвч энгийн иргэд энэ удаагийн халдлагын улмаас амь үрэгдэж, бэртэж гэмтсэнээс гадна орон сууц, барилга байгууламж, дэд бүтцэв эвдрэл гэмтэл гарсныг мөн мэдээлсэн байна.
ОХУ ялалтын баяраа тэмдэглэхээс өмнөхөн энэ халдлага болсныг хэвлэлүүд онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ялалтын баярыг тохиолдуулан ОХУ дайралтуудаа нэмэгдүүлж болзошгүй гэж шинжээчид анхаарууллаа. Үүнтэй зэрэгцэн, байлдааны халуун цэг болсон Бахмут хотод ОХУ-ын дайралт нэмэгдсээр байгаа юм.
Тэд энэ бүс нутагт хяналтаа бүрэн тогтоохын тулд бүх хүчээ дайчлахаар нэгэнт шийдсэн гэдгийг Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин мөн хэлж байсан удаатай билээ.
ОХУ энэ жил ялалтын баярыг цомхон хүрээнд буюу олон нийтэд ил тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Украин дахь байлдааны төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, Украины армиас урьтаж дайралт хийнэ гэж барууны шинжээчид таамаглаж буй юм.
Эх сурвалж: AL JAZEERA