Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУСТА Өлзийбүрэнгийн Цэрэнчунтын санаачилгаар “Дэлхийн сонгодог Монголд” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд БНХАУ болон ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан сонгодог тоглолт Улсын драмын эрдмийн театрын алтан тайзнаа 2023 оны тавдугаар сарын 09-ний 19:00 цагт тоглогдох гэж байна.
Сонгодог тоглолтонд Буриад улсын Улаан-Удэ хотын дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Александр Михалев, БНХАУ-ын нэрт дуурийн дуулаач ЧЖан Лэй болон Япон улсын балетчин Саки Токусима болон Улсын драмын эрдмийн театрын төгөлдөр хуурч Ү.Уртнасан удирдаач Т.Юндэн нарын нийт 100 гаруй хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй сонгодог үдэш эгшиглэх ажээ.
Нийт хоёр хэсгээс бүрдэх концертын эхний үзэгдэлд дуучид өөрийн улсын хэлээр төгөлдөр хуурын хамтаар романс дуунуудыг дуулах бол хоёрдугаар хэсэгт аркестертай дэлхийн сонгодог зохиолуудыг амилуулах билээ. Тэдний бэлдсэн гэнэтийн бэлэг нь Ө.Цэрэнчунт Хятад улсын хэлээр дуу амилуулж, харин Хятадын уран бүтээлч Орос сонгодог дуунуудыг дуулна. Александр Михалевийн хувьд монгол хэлээр дуулах билээ.
“Дэлхийн сонгодог монголд” төслийг санаачлагч МУСТА Ө.Цэрэнчунт:
Монголын сонгодог урлагийн хөгжлийг дэлхийд илүү таниулах хүслээр төслөө эхлүүлсэн. Монгол сонгодог урлагийг хайрлаж, мэдэрч сонсдог үзэгчдэдээ чанартай уран бүтээл хүргэхийг зорьсон. 20 жил сонгодог урлагийн төлөө зүтгэж байна. Энэ хугацаанд Монголын театрын алтан тайзнаа Хятад дуурь эгшгэлснийг санахгүй байна. Тэр ч утгаараа энэ удаагийн тоглолт илүү онцлогтой. Би тоглолт дээрээ Хятад хэлээр дуулна. Харин ОХУ-ын уран бүтээлч маань Адександр Михалев монгол хэлээр, Хятдын дуучин ЧЖан Лэй орос хэлээр дуурь дуулах гэх мэтээр үзэгчдийн мэдэрч үзээгүй мэдрэмжийг өгч байлдан дагуулахад бэлэн болоод байна. Уран бүтээлч хүний хувьд хамтран дуулах хүмүүсийн ур чадвар өндөр байх шиг сайхан жаргалтай мэдрэмж байхгүй. Би энэ мэдрэмжийг хамтрагчдаасаа авч байна. Бид олон улсад хэр зэрэг их тоглолт хийхээ мэдэхгүй байна. Хамгийн гол нь анхны гараагаа монголоос эхэлнэ гэдэг нь гайхалтай хэрэг. Уран бүтээлчиддээ монголд сонгодог урлагийг эгшиглүүлэх санал тавихад дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Сонгодог урлаг бол дэлхий нийтийн цорын ганц хэл юм. Тиймээс дэлхийн сонгодогийг монголд цаашлаад Монголын сонгодогийг дэлхийд гаргах нь л миний зорилго.
ОХУ-ын уран бүтээлч Александр Михалев: Монголын дуурь бүжгийин эрдмийн театрын хүндэт тайзнаа гарч дуулах нь надад маш сайхан санагдаж байна. Би маргааш Монголын уран бүтээлч Алтангэрлийн зохиолоос дуулна. Монгол хэлээр тэр тусмаа Чин Ван Ханддоржийн хүүгээ алдсаны дараах мэдрэмжийг илэрхийлэн дуулах нь уран бүтээлчийн хувьд өндөр ур чадварыг шаардаж байна. Манай уран бүтээлчид маш чадварлаг хүмүүс. БНХАУ-ын нэрт дуулаач Жан Ли бол 2018 онд ОХУ-д зохион байгуулагдсан “Bravo” дуурийн дуулаачдын тэмцээнд оролцон нэр хүндтэй шагналын эзэн болсон нь уран бүтээлчдийн чансааг мөн харуулж байгаа бизээ. Маргааш уран бүтээлчид биднээс эерэг энерги цацарч үзэгчдийг байлдан дагуулж, ажлыг түр мартуулж алжаалыг тань тайлах болно.