Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Уг өөрчлөлтөд УИХ 152 гишүүнтэй байх тухай заалтыг тусгаад буй юм. Нэмэлт өөрчлөлтийн төслийг ямар үндэслэлээр боловсруулсан талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцлох эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.
- 1992 онд Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүний тоо 75-200 хүртэл олон хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай ярилцаж байсан түүхэн баримтууд үлджээ. Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш юм.
- 1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан билээ. Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна.
- Улсын Их Хурлын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирснийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа.
- Эргэх ертөнц арга билигт оршдог, эрэгтэй эмэгтэй хүйс тэгш байж нийгмийн тэнцвэр хангагддаг шиг Нутаг дэвсгэрийн төлөөлөл, Нийгмийн сонирхлын төлөөлөл тэнцвэртэй байж төрийн бодлого зөв бөгөөд бодитоор тодорхойлогдоно.
- Нийслэл хотод 2016 оноос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг хоёр бүтэн тойрох хэмжээний урттай 225 км зам баригдсан боловч, дүүрэг дүүрэгт тавигдсан хоорондоо холбогдоогүй мухар зам бий болжээ. Тойрог тойргийн эрх ашиг улсын хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийн энгийн жишээ энэ юм.
- Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, цалин, тэтгэврийн нэгдсэн бодлого болон боомт, тээвэр логистик, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх шаардлагатай” гэв.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:
- Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна.
- Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно.
- Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна.
- Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна.
- Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдна.
- Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ.
- Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
- Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ” гэлээ.