Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз болон Хааны хатан Камилла нарыг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцлоо.
Монгол Улсын Төрийн тэргүүн ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хааны урилгаар хаан сэнтийд залах төрийн ёслолд анх удаа оролцож байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаа нь 1000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан ёслол бөгөөд Хаан гуравдугаар Чарльз 1066 оноос хойш Вэстминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байна.
Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд эртний уламжлалын дагуу залж буй нь Хатан хаан хоёрдугаар Элизабетын 70 жилийн засаглалын дараах шинэ эринийг эхлүүлж, ирээдүйг бэлэгдэж буйг Букингемийн ордноос мэдэгдсэн юм.
Хаан сэнтийд залах төрийн ёслолд Хааны гэр бүл, гадаадын улс орны төр, засгийн тэргүүн зэрэг 2,000 орчим дээд, өндөр хэмжээний зочид оролцов.
Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улс 1969 онд Лондонд Элчин сайдын яамаа нээсэн бол Британи Улс 1964 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар