Хамгийн сүүлд 1953 онд Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын хатан хаан II Элизабетыг хаан ширээнд залснаас хойш 70 жилийн хугацаа өнгөрчээ.
Харин өнөөдөр III Чарьзын хаан ширээнд залах ёслол Их Британи даяар болох гэж байна. III Чарльзын хаан ширээнд залах ёслол хатан хааныхтай харьцуулахад хүн багатай болно гэдгийг хэвлэлүүд тодотгож байгаа юм. Тодруулбал, 2 мянга гаруй хүнд урилга илгээжээ. Нэн тэргүүнд, III Чарльз хаан болон Камилла хатан нарын ойр дотныхон, гэр бүлийнхэн хүрэлцэн ирэх зочдыг тэргүүлж байна. Үүнд ирээдүйн хаан, Уэльсийн хунтайж, гүнж Уилльям, Кэйт болон тэдний хүүхдүүд, хунтайж Харри нар багтаж байна. Сассексын гүнгийн авхай, хунтайж Харригийн эхнэр Меган Маркл ирэхгүй бөгөөд хаан ширээнд залах ёслол тэдний хүүгийн төрсөн өдөртэй давхцсан гэнэ.
Харин дэлхийн удирдагчид, улс төрчдийн хувьд, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ирэх боломжгүйгээ мэдэгдсэн ба түүний оронд тэргүүн хатагтай Жилл Байден ирэхээр болсон байна. Энэ жагсаалт Францын ерөнхийлөгч Э.Макрон, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез нараар үргэлжилж байгаа юм. Түүнчлэн хамтын нийгэмлэгийн орнуудын төлөөлөгч, удирдагчид ирэх нь тодорхой болжээ. Хаан ширээнд залах ёслолд уригдаагүй хэд хэдэн зочин мөн бий. Үүнд ОХУ, Беларусь, Мьянмар, Афганистан, Сири, Венесуэл, Сирийн удирдагч нар байгаа юм. Ийнхүү Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын хааныг хаан ширээнд залах ёслол гурван хоног үргэлжилж, BBC агентлаг дэлхий нийтэд шууд цацах төлөвтэй байна.
SOURCE: BBC