Цагаан ордонд болсон уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден технологийн салбарын удирдлага, мэргэжилтнүүдэд хандаж хиймэл оюун ухааны салбарт болгоомжтой хандахыг уриалжээ.
Энэ уулзалтыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар цагаан ордонд хоёр цагийн турш зохион байгуулсан байна. Уулзалтад Гүүгл, Майкрософт, Опен ЭйАй зэрэг томоохон технологийн магнатуудын төлөөллүүд ирсэн юм. Энэ уулзалтын үеэр Жо Байден тэдэнд хандан “Та бүхний хийж байгаа ажил үнэхээр үнэ цэнтэй, олон боломжийг үүсгэж байгаа ч тэр хэрээр аюул ч учруулах эрсдэлтэй байна. Энэ бүхнийг яагаад хэлж байгааг минь ойлгоно гэж найдаж байна” гэжээ.
Харин уулзалтын дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис “Технологийн компаниуд бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг сайтар анхаарах хэрэгтэй” гэсэн байна. Түүнчлэн технологийн компаниуд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн талаар засгийн газартай улам нээлттэй, ил тод байхыг хүссэн байна. Сүүлийн үед хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн талаар олон мэргэжилтнүүд санаа зовниж эхэлсэн. Тухайлбал, хамгийн сүүлд арав гаруй жил Гүүгл компанийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн багт ажилласан, “хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэгддэг Жоффрей Хинтон ажлаасаа гарч буйгаа мэдэгдэж, олон нийтиэд хиймэл оюун ухааны аюулын талаар нээлттэй хуваалцмаар байна гэсэн юм.
SOURCE: AL JAZEERA