УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-аас бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал, үнийн өсөлт, хомсдол үүсэхээс сэргийлсэн бодлого шийдвэрүүдийг гаргаж, жилийн өмнө УИХ-аас хөрөнгө санхүүг нь улсын төсөвт суулгасан. Улс орны эдийн засагт төр нэг талдаа оролцоод интервенц хийгээд, санхүүжилтийг нь шийдээд яваад байдаг. Үр дүн нь амьдрал дээр огт хэрэгжихгүй байна хэмээн Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.05.03/ хуралдаанд оролцох үеэрээ хэллээ.
Мөн тэрбээр, төсөв байна уу, татвар байна уу бүх бодлогыг тодорхойлж гаргаж оруулж ирэх байгууллага бол Засгийн газар. Татварын ачаалал, дарамтыг тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар гэх зэрэг асуудлуудыг хариуцсан байгууллагуудтай ярьмаар байна. Гэтэл үнийн өсөлтийн асуудал ярьж байхад Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд нар нь байхгүй байгааг шүүмжиллээ.
УИХ-аас гаргасан эдийн засгийн хүндрэл, эрсдэл үүсэхээс сэргийлсэн бодлого шийдвэрийн хэрэгжилт хэр үр дүнтэй болж байгаа эсэхийг эргэн ярьж, үнэлэлт дүгнэлт өгмөөр байна. Цаашдаа үнийн өсөлтөөс сэргийлэх бодлогыг хэрхэн хийх ёстой юм бэ гэсэн дүр зургаа гаргаж, зоригтой шийдэл гарган ажиллах шаардлагатай байна гэлээ.