УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.03) хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар холбогдох яамны мэдээлэл сонслоо.
Хуралдааны үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, орлого багатай өрхүүдийн орлогын 20 гаруй хувь нь мах, гуриланд зарцуулагдаж байна. УИХ-ын гишүүд зах, худалдааны төвүүдээр явж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханштай танилцсан. Мах, гурилын үнэ өдөр, долоо хоногоор өсч байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ, бодлого шийдвэр гаргах гэж байгаа талаар сонсох гэж та бүгдийг дуудсан. Гэтэл холбогдох яамны сайд алга. Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам ямар бодлого шийдвэр гаргаж, хэрхэн арга хэмжээ авч байгаа талаар тодорхой хариултыг ард түмэн хүсэж байна. Монгол банкны төлөөлөл инфляцыг нэг оронтой тоонд оруулна гэж байна. Үүнийг хүлээж байх хооронд ард иргэд хэцүү байна шүү дээ. Мах, гурилын үнэ тогтворжуулах талаар хууль гаргасан, хуулийн хэрэгжилтийн үр дүнг шалгаад явахаар гялайж гялтайсан юм алга байна. Мэдээлэлд банкуудаар дамжуулж хөнгөлөлттэй зээл олгож байгаа талаар дурдаж байна. Хэдий хэмжээний зээл, ямар банкаар дамжиж, ямар компаниуд авсан талаар нэр устай нь танилцуул гэв.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хариултдаа, 63.3 тэрбум төгрөгийг урт хугацаат, репо арилжаагаар мах бэлтгэн нийлүүлэгч нарт олгосон. Мөн ХХААХҮЯ, Монгол банк хамтраад гурилын нөөц бүрдүүлэхэд зориулж арилжааны банкны эх үүсвэрээр олгогдох зээлийн хүү болон зээлдэгчийн төлөх үнийн зөрүү 3.75 тэрбум төгрөгийн татаасыг арилжааны банкуудад олгох нөхцөлтэйгээр 35.2 тэрбум төгрөгийг 5-н аж ахуйн нэгжид нэг жилийн хугацаатай олгосон. Хөдөө аж ахуйг дэмжих зээл болон Эрүүл мэндийг хамгаалах эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нийт 789.3 тэрбум төгрөгийн зээлийг 22 мянга гаруй зээлдэгчид олгосноос 97.6 тэрбум төгрөгийг махны нөөц бүрдүүлэх зорилгоор 25 зээлдэгчид олгосон. 46 тэрбум төгрөгийг гурил тэжээл, ургамалын тосны зориулалтаар 9 зээлдэгчид олгосон. Малчдыг дэмжих зээлэнд 129 тэрбум төгрөгийн зээлийг 19800 малчинд олгожээ. Одоо мөн Хүнсний хувьсгалын хүрээнд дараагийн зээлийн арга хэмжээг арилжааны банкуудтай хамтран авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2023 онд 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Зээл судлагдаж байгаа гэв.