2017 онд “Эм энд жи констракшн” ХХК болон “Бүти” ХХК гэх хоёр компани Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд голын эрэг дагуух 11.8 га газар дээр, дэлхийн стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ажилладаг усан парк барих үлгэр ярьж хашаа татаж байв. Гэтэл агаарын бохирдол, түгжрэл, тоос шорооноос залхсан ард олны усан паркаа хүлээсэн хүлээлт талаар болж, усан парк биш 24 давхар, долоон блок, 1200 айл амьдрах орон сууцны барилгын ажил эхэлсэн юм. Төрдөө дийлддэггүй, хуулиндаа захирагддаггүй, ард түмнийг хууран, усан парк барина гэсэн газар дээрээ Усны тухай хууль, Ойн тухай хууль, Газрын тухай хуулийг ноцтой зөрчин буй “Авилга” хорооллыг нурааж үзүүлээч, Ерөнхий сайд аа!
Төрдөө дийлддэггүй, хуулиндаа захирагддаггүй гэсний учир нь:
- Авлига хорооллын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар “Эм энд жи констракшн” ХХК-ийн 11.8 га газар эзэмших эрхийг цуцалсан. Гэвч “Эм энд жи констракшн” ХХК-аас Хотын захиргааг шүүхэд өгч, улмаар Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээсэн. “Эм энд жи констракшн” ХХК-ийг Хотын захиргаагүй дийлээгүй гэсэн үг.
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд Хотын дарга Д.Сумъяабазарт “Эм энд жи констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлуулах тухай шаардлага хүргүүлсэн. Бас л дийлээгүй.
- БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны долдугаар сарын 1-нд “Эм энд жи констракшн” ХХК Дунд голын онцгой хамгаалалтын бүс дотор 11.8 га -ийг газар авахын тулд бусдад хахууль өгсөн байж болзошгүй гэж үзэж АТГ-т хандсан. АТГ-аас 2022 оны долдугаар сарын 25-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Гэвч өнөөг хүртэл таг, барилга нь баригдсаар л. Бас л дийлээгүй гэсэн үг.
- МХЕГ-аас 2022 оны тавдугаар сарын 30-нд "Эм энд жи констракшн" ХХК, "Бүти" ХХК-ийн барилгын талбайд шалгалт хийж, улмаар цахилгааныг нь тасалж, дөрвөн краныг нь лацадсан. Гэвч тус компаниуд зөөврийн цахилгаан үүсгүүр барилгын талбайдаа зоож, барилгын ажлаа үргэлжлүүлж байв. Бас л дийлээгүй. Товчхондоо, “Авлига хороолол”-ыг төр дийлэхгүй байгаа нь бодит үнэн.