Сүхбаатар өртөөний хувьд энэ оны эхний улиралд Наушки өртөөнд 541 галт тэрэг буюу 23804 вагон хүлээлгэн өгч, тус өртөөнөөс 582 галт тэрэг буюу 23933 вагон хүлээн авлаа. Энэ нь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүлээлгэн өгсөн галт тэрэгний тоо 36-аар нэмэгдэж, гүйцэтгэл 107.1, хүлээн авсан галт тэрэг 37-оор өсөж, гүйцэтгэл 106.7 хувиар тус тус биелэв.
Мөн хэсэглэлийн хэмжээнд 968987 тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 206, буулгалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 179 хувиар тус тус биелсэн дүнтэй байна. Харин орон нутгийн вагоны сул зогсолтыг төлөвлөснөөс 1.04 вагон цагаар, өмнөх оны мөн үеэс 3.1 вагон цагаар бууруулжээ. Ачааны нэг ажиллагаан дахь вагоны сул зогсолтыг төлөвлөгөөнөөс 2.86 вагон цагаар, өмнө оны мөн үеэс 0.1 вагон цагаар бууруулж ажиллажээ.
Дашрамд дурахад, УБТЗ-д хойд хилийн галт тэрэг солилцоо нь урд хилийн галт тэрэг солилцоотой шууд холбоотой бөгөөд хойд хөршөөс хүлээн авсан галт тэрэгнийхээ тоогоор урд хилээр галт тэрэг хүлээлгэн өгдөг юм. Тухайлбал, Замын-Үүд зангилааны төмөр замчид дөрөвдүгээр сард өргөн царигаар 1 удаа 14, 27 удаа 15, 2 удаа 16 буюу нийт 451 галт тэрэг БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Ингэснээр хоногт дунджаар 15.03 галт тэрэг солилцсон түүхэн амжилтыг тогтоогоод байгаа юм.
УБТЗ ийнхүү хойд, урд хилийн гарцаар галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.