УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголын товч тайланг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулсан юм.
Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч Н.Монсорыг ажлын хэсгийн тайлан, ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, нэр дэвшигч Ж.Золзаяаг гишүүдийн олонх дэмжлээ хэмээн танилцуулав.
Нэр дэвшигч Ж.Золзаяа нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2005 онд Отгонтэнгэр их сургууль, 2007 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын технологийн их сургууль, 2019 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Герман хэлний орчуулагч багш, маркетингийн мэргэжилтэй, Бизнесийн менежментийн магистр.
- 2007 -2008 онд “Монгол -Германы гүүр” төрийн бус байгууллагын төслийн зохицуулагч
- 2008-2010 онд “Залуу маркетер” төрийн бус байгууллагын тэргүүн
- 2011-2014 онд “Монголын маркетеруудын холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2001 оноос “Дримерс нэгдэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүнээр нь тус тус ажиллаж байгаа
- 2016 оноос “Жи Си Ай Импакт” салбар байгууллагын гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, сенатороор ажиллаж байсан
- 2018 оноос “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийг үүсгэн байгуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалтай.
Нэр дэвшигч Н.Монсор нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй.
- 2005-2006 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын мэдээлэл хангамжийн менежер
- 2006-2007 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт даргын туслах
- 2007-2010 онд АНУ-ын Элчин сайдын яаманд мэдээлэл хангамжийн менежер
- 2010 оноос “Юу Эм Си Альфа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Ассет Менежмент” ХХК-ийн захирал, “Мандал дижитал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Мандал лайф” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Мандал ирээдүйн өсөлт” сан болон “Мандал хуримтлал хамтын сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг байна.
УИХ-д Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгосон нэр дэвшигчийн талаарх сонсголын тайланг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.3-т заасны дагуу хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.