Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг гэгддэг Жоффрей Хинтон Гүүгл дэх ажлаа орхиж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр хөгжил дэвшилд нь өөрийнхөө хувь нэмрээ оруулж байсан хиймэл оюун ухаан, технологийн хөгжил улам аюултай болж байгааг онцолсон байна. Түүний мэдрэлийн сүлжээнд хийсэн анхдагч ажил нь өнөөгийн хиймэл оюун ухааны системийг бий болгосон гэдэг.
Жоффрей Хинтон нь Гүүгл компанийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх багт 10 гаруй жилийн турш хагас цагаар ажиллаж байсан юм. Гэвч технологийн хөгжил хийгээд үүнд хувь нэмэр оруулж буй өөрийнх нь үүрэг түүний гарах шалтгаан болсон гэнэ. Түүнчлэн хиймэл оюун ухааны эрсдэл, аюулын талаар чөлөөтэй илэрхийлэхийн тулд Гүүглээс гарсан гэдгээ твиттер хуудаснаа жиргэжээ.
Гүүглийн ахлах мэргэжилтэн энэ талаар “Жоффрей Хинтон хиймэл оюун ухааны салбарт олон дэвшил хийсэн хүн. Түүний Гүүглд хийсэн бүхэнд талархаж байна” хэмээсэн байна. Хиймэл оюун ухааны салбар үсрэнгүй хөгжиж байгаа энэ цаг үед уг системийг бүтээлцсэн хүн ийн хэлсэн нь тус салбарын цаашдын төлөвт санаа тавих шаардлагатайг харуулж байна гэж хэвлэлүүд тодотгож байна.
SOURCE: CNN