АНУ-аас гаргасан судалгаагаар өнгөрсөн оны XII сараас хойш Оросын 20 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн гэсэн үр дүн гарчээ. Түүнчлэн 80 мянга гаруй цэрэг шархадсан гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби хамгийн сүүлийн үеийн тагнуулын мэдээллээс эш татан мэдэгдсэн байна.
Харин амиа алдсан цэргүүдийн тал гаруй хувь нь Бахмут хотод байлдаж байсан Вагнер бүлэглэлийн цэргүүд гэжээ. Оросын арми өнгөрсөн жилээс хойш Бахмут хотыг эзлэхээр байлдаж буй. Хэдийгээр Оросын арми тус хотын дийлэнх хэсэгт хяналтаа тогтоосон ч бүрэн эзэлж чадаагүй хэвээр байгаа юм.
Энэ талаар Жон Кирби “Бахмутаар дамжин Донбассыг дайрах гэсэн Оросын оролдлого бүтэлгүйтлээ. Тэд стратегийн дайралт хийх ямар ч боломжгүй байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Тэрбээр Украины амь үрэгдсэн цэргүүдийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, тэднийг хохирогч тул энэ мэдээллийг өгөхгүй гэж тайлбар өгснийг хэвлэлүүд эш татаж байгаа юм.
SOURCE: BBC