Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү!
Арав гаруй жилийн өмнө Канадаас ирсэн Жулиа гэх эмэгтэй Улаан чулуутын хогийн цэг дээр ирж, хүүхдүүд тэнд тоглож, даарч, амьдарч байгааг хараад, Улаан чулуут орчимд анх удаа хоёр гэр холбон цэцэрлэг байгуулсан байна. Ингэхдээ 50 хүүхдийг гэр цэцэрлэгтээ хамруулж дулаан байлгах, хоол хүнсээр нь хангах зэрэг зүйлсийг хийж байсан бол өнөөдөр үйл ажиллагаагаа тэлж 120 гаруй хүүхдийг хоёр давхар цэцэрлэгт элсүүлэн боловсролд нь анхаарч, хүүхэд бүрд тэгш боломж олгох үүднээс ажиллаж байна. Мөн цэцэрлэгийн барилга байгууламжаа сайжруулан, илүү олон хүүхдийг цэцэрлэгтээ хамруулж үйл ажиллагаа тэлэх зорилготой байгаа юм.
Энэ талаар Нарны хүүхдүүд цэцэрлэгийн багш Т.Туул дараах зүйлсийг хэллээ.
Тэрбээр, “Манай нарны хүүхдүүд цэцэрлэг бол маш онцлог. Улсын цэцэрлэгтэй харьцуулахад, хаяггүй, хөдөөгөөс ирсэн хүүхдүүдийн сурах нөхцөлийг хангаж хүмүүжүүлдэг. Энэ бүх ажлыг санаачилж суурийг нь тавьсан Жулиа гээд эмэгтэй бий. Энэ хүн бол асар их хүүхдийн төлөө гэсэн сэтгэлгээтэй. Би тэр хүнийг хүндэтгэж энд ирж ажиллах болсон юм. Та бүхэн гадаа гараад эргэн тойрноо хараарай. Энд хүүхдийн ямар ч тоглоомын талбай байхгүй цэцэрлэг байхгүй. Арван жилийн өмнө үүнээс хэцүү байсан байх. Тэр үед энэ цэцэрлэгийг байгуулсан. Манай цэцэрлэгийн арын талбайд анх ажиллуулж байсан гэр цэцэрлэгийн суурь бий. Тэр үеэс хойш сайжруулж явсаар байгаад ийм сайхан цэцэрлэгтэй болсон байна. Цаашид илүү сайхан болгох алсын хараатай ажиллаж байгаа” гэлээ.
Харин Нарны хүүхдүүд ТББ-ын үйл ажиллагааны менежер Б.Батцэцэг ярихдаа, “Өнгөрсөн арван жилийн хугацаанд бид бүх л боломжоо ашиглаж зориулалтын бус байранд хүүхдүүдээ хүлээн авч, хичээлийн шинэ жил болгоноор засвар хийж байсан. Шинэ цэцэрлэгийн төсөөллийн хувьд , монголд байхгүй гоё цэцэрлэг байгуулна. Зураг төслөө хараад л манай хамт олон хөөрч догдолж хүлээж авсан. Хүчин чадал маань гурав дахин нэмэгдэж байгаа. Бид арван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулан 500 гаруй хүүхэд төгсгөсөн байна. Энэ бол зөвхөн төрийн бус байгууллагын ажил биш. Энд орхигдсон хүүхдүүд, бүс газрын хөгжил, цаашлаад хүүхдэд боловсрол олгох тэгш боломжийг олгоход нь гүүр болж байгаа гэж үзэж байна” гэлээ.
Сурвалжилгын үеэр энэхүү цэцэрлэгт сурч буй хүүхдүүд гэртээ байхаас илүү цэцэрлэг дээрээ ирэх дуртайг хэлж, хоол нь хамгийн их таалагддаг тухай онцолсон юм. Хүүхдүүдийн хувьд ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж, хүмүүст аз жаргал бэлэглэдэг сайн хүн болохыг хүсдэг талаараа ярьсан юм.