Өрөг.мн сайт "Эх орондоо үлдэнэ" цуврал контент бэлтгэн хүргэж байна. Энэ удаад хувиараа такси үйлчилгээ эрхлэгч, зургаан хүүхдийн ээж Х.Уянгыг онцоллоо. Тэрээр хүн өөрөө хичээж чадвал юуг ч даван туулдаг, эх орноо хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал хэмээн хуваалцсан юм.
Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн. Зургаан хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Хувиараа такси үйлчилгээнд эрхэлдэг. Үүнийхээ завсраар нь хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэдэг ээжийн хариуцлагатай албан ажилтай. Хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэг орох үед таксиндаа яваад л, амрах үед нь нь албан байгууллага, хувь хүний хүргэлт хийгээд явдаг. Өрх толгойлсон ээж болохоор заримдаа хоногийн 24 цаг хүрэлцдэггүй. Өөр найдах хүнгүй болохоор хичээж, өөрийгөө хурцалж, үрсийнхээ төлөө хичээж, хөдөлмөрлөж байна. Өглөө 08 цагаас эхлээд л сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ ээлж ээлжээр хүргээд бужигнаж эхэлдэг.
"ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛ "ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ МӨНГӨ" ГЭЖ ОЙЛГОДОГ"
Хүүхдүүдээ боловсролтой хүн болгох тал дээр маш их анхаарахыг хичээдэг. Тиймээс ч хүүхдийн мөнгийг нь өөрт нь, өөрийнх нь боловсролд зарцуулахыг эрмэлздэг. "Спортын төв ордон”-ы спортын төв сургуульд манай дунд хоёр хүү сурдаг. Нэг нь бокс, нөгөө нь самбо бөхийн анги. Хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ эрүүл, мэнд боловсролд зарцуулаарай гэж өгч байгаа мөнгө гэж ойлгодог. Тийм болохоор хүүхдүүдээ дугуйланд сургаж, мөнгийг нь хэрэгтэй зүйлд зарцуулдаг. Гэхдээ мэдээж байнга улсаа хараад, улсаас нэхээд байна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Өгснийг нь өгчхөөд хэвтээд байна гэдэг учир дутагдалтай. Хүүхдүүд маань бага байхад улсаас тусалж дэмжиж байгаа дээр нь би өөрөө бас хичээгээд, хүүхдүүдээ сургаж хөгжүүлбэл зүгээр юм болов уу гэж боддог.
"ШАЛТАГ ТООЧООД БАЙВАЛ ЮУ Ч БҮТЭХГҮЙ"
Хүн аливаа юмыг болохгүй байна, бүтэхгүй байна гээд байвал ямар ч гарц олдохгүй. Энэ үгээрээ өмнөө байгаа гарцуудыг хаачихна. Яаж ийгээд болгоно, бүтээнэ гэж бодох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл би маш олон төрлийн ажил хийж ирсэн. Хүүхэд асрагч хийж байлаа. Хөрөө рамд хүртэл ажилласан. Хүн ажил голохгүй багаас нь өгсөөд явах хэрэгтэй. Өнөөгийн залуусыг анзаараад байхад нэг дутагдал нь шинээр ажилд орчхоод олон жил ажилласан хүмүүстэй ижил цалин авах гээд байдаг. Энэ нь маш буруу. Аливаа юманд эхлэл гэж бий шүү дээ.
"БАЙШИН БАРИХ САНААЧИЛГА МИНЬ ОЛОН ХҮНИЙ ДЭМЖЛЭГЭЭР БОДИТ БОЛСОН"
Хүн өөрийнхөө амьдарч байгаа гэрт аль болох тохь тухтай байх ёстой. Би хөл хорионы үед цаг заваа ашиглаад хашаандаа саравч барьж тохижуулсан. Бас, багадаа таван жил, ихдээ 10 жил гэж бодож байсан байшинг маань сайн хүмүүс таараад, хоёр жилийн дотор бариад дуусчихсан. Эхлүүлсэн байшингаа сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар хурдан хугацаанд ашиглалтад оруулаад маш их баярласан. Ингээд хүүхдүүддээ өөрийн гараар ширээ хийж өгсөн. Гэр ахуйн тохижилт, модон эдлэлүүдийг аль болох өөрөө хийхийг хичээдэг.
"ЭХ ОРОН ЧИНЬ ХҮНИЙХ БОЛЧИХСОН БАЙВАЛ ЯАХ ВЭ…"
Монголд сайхан амьдрах хангалттай боломж байна гэж боддог. Боловсролтой, чадварлаг залуус маань гадагшаа битгий яваасай, эх орондоо ажиллаж хөдөлмөрлөөсэй гэж бодож явдаг. Харь нутагт ажиллаад өтөл болно. Тэр цагт Монголдоо иртэл эх орон чинь хүнийх болчихсон байвал яах вэ… Монголоос зайлаад өгье гэж ярих биш, харин төр засаг удирдаж байгаа хүмүүст шаардлагаа тавиад, өөрөө ч хичээгээд улс орноо өөд татах хүмүүс нь бид өөрсдөө гэж ойлгодог. Тиймээс эх орондоо сайхан амьдарцгаая, хамтдаа хөдөлмөрлөцгөөе, төрдөө хяналтаа ч тавьцгаая гэж залуусаа уриалмаар байна.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.