“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагаас 2023 оны хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг, урьдчилан сэргийлэх зорилготой “Найз байя” үндэсний аянг өрнүүлж эхлээд байна. Тус аян нь “Өөр шиг ээ хүндэлье” уриан дор зургаадугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Нөлөөлөл, хүүхдийн оролцоо хариуцсан зөвлөх Б.Бүрэнжаргал:
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага 2017 оноос эхлэн эхлэн жил бүр хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохоор “It Takes A World” компанит аяныг зохион байгуулж байгаа. Тиймээс аль болох орхигдоод буй сэдвээр энэ жилийн аяныг хэрэгжүүлэхээр зорилт тавьсан. Бид 6200 эцэг эх, багш, хүүхдүүдийг хамруулсан судалгаа хийсэн. Үүнийгээ бид “Нөлөөллийн ажлын өмнөх судалгаа” гэж нэрлэж байна. Судалгааны үр дүнд хоёр хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн дарамтанд их бага хэмжээгээр өртөөд байна. Гэтэл ээж аавуудын 33 хувь нь “Өө би ёстой мэдэхгүй байна” гэж хариулсан. Харин үлдсэн хувь нь “Мэдэхгүй. Тийм ч байж магадгүй” гэж хариуллаа. Хүмүүсийн зан үйлийг өөрчлөх нь тун урт хугацааны ажил байдаг. Тиймээс аяны дараа яг энэ асуултын дагуу бид дахин судалгаа авснаар үр дүнгээ тодорхойлно. Бидний хүсэж буй үр дүн бол хүмүүсийн мэдлэг ойлголтын хувийг 15 хувиар дор хаяж нэмэгдүүлэх юм.
Тэгэхээр үндэсний аян гэдэг утгаараа хамтран хэрэгжүүлэгч Боловсролын Яам, Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв зэрэг олон байгууллага байна. Бидний нэгдсэн байдлаар хийх ажлууд сошиал контентуудад нэлээд төвлөрч байна. Тавдугаар сарын 15-ны өдөр буюу “Гэр бүлийн өдөр”-т зориулан эцэг эхчүүдэд зориулсан ажлууд төлөвлөсөн. Мөн хүүхдүүд өөрсдөө санаачилсан хэлэлцүүлэг, уриалга, амлалтууд гээд маш олон ажлууд хэрэгжүүлэх болно.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаарх хүүхдүүдийн сэтгэгдэл:
- Манай нэг найз бага зэрэг харшилтай. Тэгээд бүх биеэр нь харшил гардаг учраас хүүхдүүд түүнээс их шижиглэдэг. Бид зөвхөн түүний нүүрийг харж байгаа дүрэмт хувцасны цаанаас гэтэл тэр хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтээс болоод хичээлдээ ирэхээ болиод ээж нь яриснаар багш бидэнд ойлгуулан хэлж байсан. Тэр охин хичээлдээ ирэх нь битгий хэл, бидний нүүрийг ч харахаас айдаг болчихсон.
- хүүхдүүд намайг “Чи жижигхэн юм чинь чамтай тоглохгүй” гэдэг тийм зүйл тохиолдож байсан. Тэгэхэд надад их муухай санагдаж байсан. Бусдад дээрэлхүүлж байгаа гэдгээ хэлж байгаарай. Зөв арга замыг заавал олоорой гэж хэлмээр байна.